Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй

Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр Тасганы овоонд Богд Зонховын хөшөөг барьж буй мэдээлэл иргэдийн бухимдлыг төрүүллээ. Ирэх оны төсөвт иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх нэг ч төгрөг тавиагүй атлаа хөшөө, байшин барилгад асар их хөрөнгө зарцуулахаар тусгасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна.
Тэгвэл энэ асуудлаар Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм.
Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье" гэжээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ