Манжуурт 60 тохиолдол илэрч, зорчих хөдөлгөөнийг зогсоов

ОХУ, Монгол Улстай хиллэдэг Хятадын Манжуур хотын оршин суугчдыг бүгдийг нь коронавирусийн шинжилгээнд хамруулах үеэр халдварын 60 тохиолдол илэрчээ. Энэ талаар Global Times мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинжилгээний явцад халдварын 60 тохиолдол илэрсний улмаас Манжуур хотод бүхий л нислэг, нийтийн тээврийг зогсоосон байна. Тодруулбал, бямба гарагаас эхлэн нислэг, галт тэрэг, автобус, такси үйлчилгээг бүрэн зогсоожээ. Хотоос гарах, хот руу орох бүхий л цэгүүд дээр хөдөлгөөнийг 24 цагаар хянах хяналтын цэг гарч, орж, гарч байгаа хүмүүс, тээврийн хэрэгсэлд хяналт, ажиглалт хийж байгаа гэнэ.
Халдварын дэгдэлтийг бууруулах үүднээс эмнэлгийн ажилтан, хүргэлтийн албаны ажилтнуудаас бусад бүх хүмүүсийг хотоос гарахыг хоригложээ. Бямба гарагт эхэлсэн бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлын эхний шатанд нийт 60 эерэг сорьц гарсан байна. Даваа гарагт Манжуур хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлын хоёр дахь шат эхэлжээ.
Одоогоор халдвар ямар штаммаар үүсгэгдсэн нь тодорхойгүй, шинжилгээний хариу гараагүй байгаа гэнэ. Мөн Манжуур хотын хоёр дүүргийг коронавирусийн өндөр болон дунд эрсдэлтэй бүсэд оруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ