С.Төмөр-Очир: Сурах бичгийн агуулга өнөөгийн шаардлагыг хангахгүй байна
2021-12-01

 

БШУ-ны сайд асан, профессор С.Төмөр-Очиртой ЕБС-ийн сурах бичгүүдэд хийсэн судалгааны дүгнэлтийн талаар ярилцлаа.

 

Танай баг ЕБС-ийн сурагчдын сурах бичигт дүн шинжилгээ хийж, дүгнэлт тайлангаа БШУЯ-нд хүлээлгэн өгчээ. Хоёул ярилцлагаа үүнээс эхлэх үү?

 

-ЕБС-ийн сурагчдын сурах бичиг нэлээн шүүмжлэл дагуулсан. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ажлаа хүлээж авсныхаа дараа БШУ-ны сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонссон. Тухайн үед би ЕБС-ийн сурах бичигт иж бүрэн судалгаа хийх санал гаргасан юм. Улмаар сайд саналыг дэмжиж, намайг баг бүрдүүлж судалгаа хийгээч гэсэн. Ингээд МУИС, МУБИС, ЕБС-ийн мэргэжлийн багш нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүллээ.

 

Манай баг ЕБС-д ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийсэн. Өмнө нь сурах бичгийн судалгаа ганц нэг хийж байсан юм билээ. Харин иж бүрэн судалгаа хийж байгаагүй. Энэ удаагийн иж бүрэн дүн шинжилгээ нь Монгол Улсын боловсролын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх чухал ажил болсон гэж үзэж байгаа.

 

Бидний ажил судалгааны арга зүйгээ боловсруулахаас эхэлсэн. Үнэ стандартын улсын хорооноос 2008 онд ЕБС-ийн сурах бичигт тавигдах стандартыг баталсан. Тодруулбал,

 

  • Сурах бичгийн агуулга

  • Сурах бичгийн арга зүй

  • Сурах бичгийн хэл найруулга

  • Сурах бичгийн дизайн

 

Дээр дурдсан дөрвөн гол үзүүлэлт стандартад тулгуурлан дүн шинжилгээ хийлээ. Судалгаагаар 2500 орчим хуудас эх материал гарсан. Эх материалуудыг нэгтгээд тайлан гаргав.

 

Өнөөгийн ЕБС-д ашиглаж буй сурах бичгүүд дээр дурдсан стандарт шаардлагыг хангаж чадаж байна уу?

 

-Сурах бичгийн агуулга: Сурах бичгүүд хичээлийн хөтөлбөрт заасан шаардлагыг хангаж байна. Гэхдээ шаардлага хангаж байна гэдэг нь харьцангуй ойлголт. Сурах бичгийн агуулга өнөөгийн шаардлагыг хангахгүй байна. Сурах бичиг хичээлийн хөтөлбөрөөс зөрж болохгүй. Тэгэхээр манай боловсролын хөтөлбөр хоцорсон учраас сурах бичиг нь хоцрогдсон гэсэн үг. Түүнээс биш сурах бичгийг зохиосон, редакторласан хүмүүсийн буруу биш. Жишээлбэл, манай байгалийн ухааны хичээл, мэдээллийн технологийн хичээлүүд хоцрогдсон. Тиймээс сургалтын хөтөлбөрөө зайлшгүй шинэчлэх шаардлагатай.

 

Сурах бичгийн мэдлэг нь судлагдахууны хэмжээнд хүрсэн. Сурах бичигт ямар мэдлэг олгох талаар дэлхий дахинаа хэлэлцдэг болчихсон. Өөрөөр хэлбэл, энгийн ахуй амьдрал, зан заншил, шинжлэх ухаантай холбоотой мэдлэг байна.

 

Тэгэхээр бага ангид зан заншил, ахуйтай холбоотой энгийн мэдлэг илүү заана. Харин анги дэвших тусам шинжлэх ухааны мэдлэг давамгайлаад явах ёстой. Гэтэл ЕБС-ийн бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байна. Үүний гол шалтгаан нь Монгол хэлний 35 үсэг үзэж дуусаад л шинжлэх ухаан зааж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, сургалтын системд шинжлэх ухааны мэдлэг энгийн мэдлэгийн харьцаа алдагдаж байна.

 

Сурагчдын  сурах идэвх, сонирхол анги дэвших тусам нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад сурагчид анги дэвших тусам сурах сонирхол нь буурч байгаа хандлага ажиглагдаж байна.

 

Жишээлбэл, Япон улсад бага ангид хүмүүжил, ёс заншил зэрэг хүн болох тухай хичээл ордог. Улмаар анги дэвших тусам шинжлэх ухааны мэдлэг олгох хичээлүүд заадаг. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Нөгөө талаас нь харвал энгийн мэдлэгүүд хэтэрвэл хүүхэд залхдаг. Тиймээс шинжлэх ухаан энгийн мэдлэг хоёрын харьцааг зөв олох хэрэгтэй.

 

 

ЕБС-ийн хичээлүүд логик холбоотой байх ёстой. Гэтэл хичээлүүдийн логик холбоо алдагдсан. Хичээл болон сурах бичгийн логик холбоог анхаармаар байна.

 

Хуучин “сурах бичгийн нэгдсэн редакц” гэж байсан. ЕБС-ийн бүх сурах бичгийг нэг редакцаас гаргадаг байлаа. Харин өнөөдөр сурах бичгийн нэгдсэн редакц гаргаж ажиллаж болохгүй. Боловсролын хүрээлэнд сурах бичгийн сектор бий. Гэвч сурах бичгийн сектор хүн цөөн. Мөн мэргэжилтний мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарахгүй байна. Тиймээс  сурах бичгийн редакц, зохиогчийг томилох тухай асуудлыг яамны бодлогоор зохицуулдаг байх хэрэгтэй.

 

Нөгөө талаар сурах бичигт тендэр зарладаг юм байна. Сурах бичгийг зөвхөн тендэр зарлаж авах биш ЕБС-ийн багш нарыг зөвлөхөөр ажиллуулах шаардлагатай.

 

Сурах бичгийн арга зүй: 21-р зууны сургалтын арга зүй 20-р зууны арга зүйгээс эрс ялгаатай байх ёстой болж байна. Дэлхийн эрдэмтэн судлаачид 21-р зууны боловсрол гэдэг бол хүн өөрөө бие дааж олж авах боловсрол байна гэж тодорхойлж байгаа.  ЮНЕСКО-гоос Боловсролын дөрвөн баганыг тодорхойлсон.

 

  • Нэгдүгээрт, Мэдэхийн тулд сурна

  • Хоёрдугаарт,Хийхийн тулд сурна

  • Гуравдугаарт, Хүн болохын тулд сурна

  • Дөрөвдүгээрт, Хамтран амьдрахын тулд сурна

 

Өнөө үед  суралцахуйд суралцах нэмэгдэж байна.  Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрөө мэдлэг олж авдаг, мэдлэг бүтээдэг шилжилт хийх ёстой болчихоод байна. Тиймээс сурах бичиг ч шилжих ёстой.

 

Сүүлийн үед дэлхий дахинд “Тонгоруу” сургалт хэрэгжиж байна. Японы ард түмэн “Хүнд нэг загас өгвөл өдрийнх нь хоол. Загас барих аргыг нь зааж өгвөл насан туршийнх нь хоолыг өгч байгаа хэрэг” гэж ярьдаг. Бид мэдлэгийг хэрхэн олж авдаг аргыг нь заах ёстой болж байна. Ингэж чадвал хүүхэд багшгүйгээр аливаа зүйлийн аргыг олж мэдлэг, мэргэжлээ дээшлүүлбэл боломжтой болно.

 

Сурах бичгийн хэл найруулга: Сурах бичгүүд хэл найруулгын хувьд шаардлага хангаж байна. Гэхдээ зөв бичгийн дүрмийн алдаатай.  Монгол хэлний дүрэм олон удаа өөрчлөгдөж байгаа учраас зөв бичихэд төвөгтэй болж. Гэхдээ зөв бичих дүрмийн толь бичиг гарсан байна. Түүнийг үндэслэж сурах бичгийг зөв бичих дүрмийн алдаагүй гаргах хэрэгтэй.

 

ЕБС-уудад сурах бичгийн хүрэлцээ дутмаг байдаг?

 

-Бага ангийн сурах бичгийг сурагчдын тоогоор нь  хэвлэж байгаа. Дунд болон ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40-60 хувьд хүрэхээр хэвлэдэг. Сурагчид сурах бичиггүйгээр суралцахад бэрхшээлтэй. Тиймээс сурагчдынхаа тоогоор сурах бичиг хэвлэдэг байх шаардлагатай. Мөн ЕБС-ийн нэг, хоёрдугаар ангийн сурах бичгийг жил болгон хэвлэх хэрэгтэй. Мөн нэгдүгээр ангийн сурах бичиг зузаан байх шаардлагагүй. Хүүхэд зузаан сурах бичиг хараад сүрддэг. Тиймээс бага ангийн сурах бичгийг нимгэн байхаар бэлтгэвэл зүгээр.

 

Сүүлийн үед сурагчдыг хэт их гэрийн даалгавраар шахаж, суралцах хүсэлгүй болгож байна гэсэн шүүмжлэл байна. Энэ нь сурах бичигт байна уу?

 

-Сурах бичигт байгаа дасгал даалгаврыг шинжлээд үзэхээр ихэвчлэн мэдлэгээ сэргээх, ойлгох, хэрэглэх доод эрэмбийн чадварын зүйл байна. Харин анализ, дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгөх, мэдлэг бүтээдэг дээд эрэмбийн чадварт тааруухан анхаарсан байна. Тиймээс дээд эрэмбийн чадвар луу сурах бичгийг чиглүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан.

 

Манай улс боловсролын нэгдсэн нэг тогтолцоотой. Гэтэл Баян-Өлгий аймгийн сурагчид Монгол хэлний мэдлэг дутмаг байдаг. Үүнд яамнаас анхаарах шаардлагатай?

 

-Баян-Өлгийн сурагчдын сурах бичиг асуудалтай. Хичээл нь казак хэлээр ордог. Монголын боловсролын системд ашиглаж байгаа сурах бичгүүдийг казак хэл дээр орчуулж хэвлэх ёстой. Казак хүүхдүүд хос хэлний сургалттай. Казак болон Монгол хэлээ маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн учир зайлшгүй монгол хэл сурах шаардлагатай. Мөн соёл иргэншлээ хадгалж үлдэхийн тулд казак хэлээ эзэмших хэрэгтэй. Төр үүнд анхаарах хэрэгтэй.

 

Сурах бичигт хийсэн дүн шинжилгээний тайлангаа гаргаж БШУЯ-нд ямар зөвлөмж хүргүүлсэн бэ?

 

-Ерөнхий дүгнэлтийг тулгуурлан БШУЯ-нд арван зөвлөмж санал боловсруулж өгсөн. БШУЯ-нд сурах бичгийн хөтөлбөрийн ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм билээ. Манай улс 2024 оноос эхэлж шинэ хөтөлбөрөөр хичээллэнэ. Тиймээс хөтөлбөртэй анхаараач гэсэн.

 

Сурах бичигт багтсан дасгал даалгавар сурах арга барилыг шинжилсэн шинжилгээнээс үзэхэд задлан шинжлэх нэгтгэн дүгнэх үнэлэх бүтээлч чадварыг дэмжсэн даалгаврыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

 

Сурах бичгээс гадна ЕБС-д байгалийн ухааны кабинет байхгүй байна. Өөрөөр хэлбэл, хичээлийн хэрэглэгдэхүүн багж төхөөрөмж байхгүй.

 

Би БШУ-ны сайдаар ажиллаж байх үедээ сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэр гэж шинэ байр бариулсан. Би ч ажлаа хүлээлгэж өгсөн. Барилга ч зарагдсан. Бид дотооддоо сургалтын тоног төхөөрөмжөө угсардаг, үйлдвэрлэдэг болвол өртөг хямд тусна. Ажлын байр бий болно.

 

Мөн сурах бичгийг туршиж үзэх хэрэгтэй. Сурах бичиг боловсруулж, түүнийгээ нэг жил цөөн хэдэн ЕБС-д туршаад, алдаа дутагдлыг засаад сургуулиудад тараадаг тогтолцоо байсан. Харин одоо сурах бичгийг туршилгүй хэвлээд тарааж байна. Үүнээс болж сурах бичгийн чанар муудаж байгаа.

 

Тиймээс шинэ хөтөлбөрөөр хичээллэхээс нэг жилийн өмнө сурах бичгийг туршиж, засварлаж бэлтгэх хэрэгтэй. 2022 оны төгсгөл гэхэд боловсролын шинэ хөтөлбөрөө бэлэн болгох нь чухал. Тус хөтөлбөрийн дагуу сурах бичгээ бэлтгээд, 2023 оны 9 сарын 01 гэхэд зарим сургуулиудад туршиж эхлэх хэрэгтэй. Ингээд 2024 оны 9 сарын 01-нд шинэ сурах бичигтэйгээ шинэ хөтөлбөрөөр хичээллэж эхлэх нь зүйтэй.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
erer:
Суурь боловсрол шүү дээ. Нээг их юм үзээд байх хэрэг байдымуу? Сурах бичгээ их олон өөрчлөх хэрэггүй байх даа. Нэг сайн хийж аваад ядаж 5 жил өөрчлөхгүй байвал тэ.
2021-12-01
Demjij bn ! Mash zuv yum Sanal bolgojee
2021-12-01
dabaa:
Өөрөө сайд байж дампууруулчихаад одоо өөрийгөө шүүмжлээд байгаа юм уу, хаашаа юм, энэ хүн одоо болимоор юм, нам гүм амьдарч болдоггүй юм байх даа, инээдтэй юм аа
2021-12-01
зочин:
Хуучин сайд нар сууж байгаад нэг нэг сурах бичиг гаргамаар байна. Хоосон яриад нэмэргүй л дээ
2021-12-01
зочин:
Боловсролын шинэчлэлийг боловсруулж гардан хэрэгжүүлсэн ихэнхи хүмүүс боловсролын 90жил гээд бүгд алдар, гавьяатан болж бна лээ...гардан оролцсон хүмүүс нь одоо сурах бичгээ шинэчлэнэ гээд яриад сууж бдг
2021-12-01
Одоо мэдэж байгаа юм шиг хачин юм ярих юм.Гэтэл үеэ өнгөрөөсөн энэ мэт дарганцрууд орчин үеийн заах арга зүй тенденцийг хэр ойлгож байгаа юм бол доо!
2021-12-01