Б.Болор-Эрдэнэ: Монгол Улсын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно
Ерөнхийлөгчийн ИЛГЭЭЛТ-2100 тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хот, хөдөөгийн 330 сум, 171 хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг сонгож нэг жилийн хугацаанд эх орондоо бэлтгэн гадаад улсын их, дээд сургуульд сургах юм.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт Увс аймгийн Тариалан сумаас шалгарсан СЭЗИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Буяндэлгэрийн Болор-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр, Увс аймгийн Тариалан суманд төрж өссөн. Тариалан сумынхаа ерөнхий боловсролын I сургуулийг “Онц” дүнтэй төгссөн. ЭЕШ-аа сумын сурагчдаа манлайлж, хамгийн өндөр оноо авсан юм.
Түүний элсэлтийн ерөнхий шалгалтын оноо: Гадаад хэл-705, Математик-704, голч оноо-704.5
Сайн байна уу? Юуны өмнө баяр хүргэе. Таны Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, баярт мэдээгээ гэр бүлийнхэндээ дуулгаж буй талаарх дүрс бичлэг цахим орчинд цацагдлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн, сайн байна уу? Баярлалаа. Анх тэтгэлэгт шалгарсан талаарх мэдээг арваннэгдүгээр сарын 01-нд сонссон. Ингээд хичээлээ хийгээд сууж байсан чинь захирлын өрөөнд дуудуулсан. Захирлын өрөөнд ортол захирал над руу муухай хараад надаас “Чи ямар хэрэг хийснээ мэдэж байна уу. Яагаад хэрэг тариад яваа хүүхэд вэ” гэж асуусан. Гайхсан. Айсан. Би юу хийсэн юм бол, ингээд сургуулиасаа хөөгдөж байгаа юм байхдаа гэж бодсон./инээв/ Гэтэл захирлын өрөөнд сууж байсан хоёр хүн “үүнийг унш” гээд цаас өглөө. Унштал Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан батламж байсан. Маш сайхан.
Нутагтаа байгаа ээж аавдаа баярт мэдээгээ дуулгахаар явахдаа догдолсон байх?
-Би айлын том хүүхэд. Гурван дүүтэй. Аав ээж хоёр маань хувиараа бизнес эрхэлдэг. Ингээд Увс аймгийн Тариалан суманд суугаа ээж аавдаа баярт мэдээгээ дуулгахаар ерөнхийлөгчийн албаны хүмүүстэй хамт явсан. Ээж аавынхаа ачийг бага ч гэсэн хариулсан болов уу гэж боддог.
Мөн багштайгаа уулзсан. Бага ангийн багшийг маань Н.Янжмаа гэдэг. Суралцах суурийг маань маш сайн тавьж өгсөн. Анх есдүгээр сарын 01-нд сумынхаа сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцахаар очиход багш маань “тоо, үсэг мэдэх үү” гэж асуухад нь 10 хүртэл тоолж өгч байлаа.
Харин манай дунд ангийн багшийг Б.Алтантуяа гэдэг. Монгол хэл бичиг, уран зохиолын багш. Ангийн багш маань Монгол хэл бичгийн багш учраас манай ангийнхан монгол бичгийн хичээлээ сайн сурсан. Бүгд маш сайн уншиж, бичиж чаддаг. Багш нартаа баярлалаа.
Дүрс бичлэг цацагдахаас өмнө найзуудтайгаа тэтгэлэг хүртсэн талаараа хуваалцсан байсан уу?
-Хэлээгүй байсан. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд миний тэтгэлэгт хамрагдсан талаарх видео цацагдсан. Ангийнхан, найзууд маань үзсэн байна лээ. Найзууд маань утас гацтал баяр хүргэж чат бичиж байна./инээв/
Тариалан сумын ЕБС-ийг жилд дунджаар хэдэн хүүхэд төгсдөг вэ?
-Манай сум 4000 хүн амтай. Сургууль маань 600 хүүхдийн хүчин чадалтай. Жилд дунджаар арванхоёрдугаар ангийг хоёр бүлгийн 60 хүүхэд төгсдөг.
Цар тахлын энэ үед ЭЕШ-даа хэрхэн бэлдсэн бэ?
-Манай суманд коронавирусийн тохиолдлууд бүртгэгдсэн учраас танхимаар хичээллэх боломжгүй болсон. Тиймээс цахимаар суралцаж, бие дааж шалгалтандаа бэлдсэн.
Тариалан суманд халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
-Сумын хэмжээнд нийт 300 гаруй тохиолдол илэрсэн. Халдварын тархалт их байгаа.
Хотод ирээд дасаж байна уу? Оюутан болох ямар байна вэ?
-Дасаж байгаа. Гэхдээ гэрээ санаж байна.
Цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Би Монгол Улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болох зорилготой. Гадны их дээд сургуульд суралцаж ирээд эх орноо импортолдог бус экспортолдог орон болгохын төлөө ажиллана гэж боддог.
Баярлалаа. Амжилт хүсье.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ