"Талибан"-ы удирдлагуудын сарын цалинг баталжээ

Афганистаны төрийн эрхийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөн Засгийн газар, Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Төв банк, Шинжлэх ухааны академи, Кабулын захиргаа болон бусад төрийн байгууллагынхны сарын цалинг баталжээ. Энэ талаар Афганистаны 8am.af мэдээллийн портал дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Афганистаны Ерөнхий сайд Хасан Ахундын сарын цалин 198 250 афгани буюу 2000 доллар байх аж. Харин дэд сайдууд 183 000 афгани буюу 1,9 мянган доллар, Дээд шүүхийн дарга 167 750 афгани буюу 1,75 мянган доллар, сайд нар 137 250 афгани буюу 1,43 мянган долларын цалин авах юм байна. Харин тагнуулын газрын дарга 137 250 афгани (1,43 ам.доллар), засгийн газрын тэргүүн 122 000 афгани (1,27 мянган ам.доллар), амбан захирагч нар сард 91 500 афгани (953 ам.доллар), Кабул хотын дарга 106 750 афгани (1,1 мянган ам.доллар), Шинжлэх ухааны академийн тэргүүн 76 250 афгани (792,6 ам.доллар)-ийн цалинг сар тутам авах аж.
Талибуудын баталснаар, Засгийн газрын хамгийн доод цалин нь 5000 афгани (52 доллар) байх бол тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 3000 афгани буюу 31.2 ам.доллар байх аж. Талибууд засгийн эрхэнд гарахаас өмнө төр барьж байсан Ерөнхийлөгч Ашраф Гани сард ойролцоогоор 500 мянган афгани цалин авдаг байжээ. Тухайн үед доллартай харьцах афганийн ханш өндөр байсан тул түүний цалин сард 8000 орчим доллартай тэнцдэг байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ