Панк рок дуугаар Меркелийг үдэв

Германы төрийн эрхийг хамгийн олон жил барьсан Ангела Меркель ирэх долоо хоногт албан тушаалаасаа бууна. Гэхдээ түүнийг үдэх ёслол хэдийнэ болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, цэргийн найрал хөгжмийн аян дор Меркелийг үдэх ёслол 12 дугаар сарын хоёрны өдөр болсон байна.
Германд 12 дугаар сарын хоёрны өдөр болсон Ангела Меркелийг үдэх ёслол цөөн оролцогчтой болж өнгөрчээ. Пүрэв гарагийн үдэш болсон "Үдшийн гэгээ" хэмээх энэ ёслолын ажиллагааг Германы телевиз шууд дамжуулсан байна.
Холбооны Ерөнхийлөгч, канцлер, Батлан хамгаалахын сайд албан тушаалаа орхих, тэтгэвэрт гарах үед л ийм хүндэтгэл үзүүлдэг аж. Ийм ёслолыг Батлан хамгаалах яамны хашаан дотор, үндэсний төрийн дуулал, мөргөл, марш эгшиглүүлэн зохион байгуулдаг аж. Харин энэ удаад 16 жил төр барьсан Меркелийг энэхүү хүндэтгэлийн ёслолоор үджээ. Ёслолын ажиллагаа нарийн дэгээр зохион байгуулагддаг хэдий ч хүндэтгэл хүлээн авч буй улс төрч өөрийн сонсохыг хүссэн гурав хүртэлх аяыг сонгох эрхтэй байдаг юм байна.
Меркелийн хүсэлтээр цэргийн найрал хөгжим хамгийн түрүүнд "Гэгээн бурхан бид таныг алдаршуулж байна" хэмээх XVIII зууны үеийн христийн сүлд дуулал эгшиглэсэн байна. Түүнчлэн дуу сонгох эрхээ эдлэхдээ Ангела Меркель Германы алдарт панк рок дуучин Нина Хагены дууг ч багтаажээ. Гэхдээ Меркелийн сонгосон дуу нь яг ч панк рок жанрынх биш, харин Нина Хагены эрт үеийн поп хит болох "Du hast den Farbfilm vergessen" дуу байсан аж. Түүнчлэн өөр нэг дуу нь "16 насандаа би бүгдийг нэг дор авна эсвэл юу ч авахгүй гэж өөртөө хэлж байлаа" гэсэн үгтэй, 1950-аад оны од Хильдегарт Кнефийн дуулсан дууг сонгосон байна.
"Дууны үгнээс харахад 67 настай Меркель хэдийгээр тэтгэвэрт гарч байгаа ч гэсэн мөрөөдөл, хүсэлдээ цэг тавих хүсэлгүй байгааг илэрхийлж байгаа мэт. Түүнийг бид энэ талаас нь огт мэддэггүй юм байна" хэмээн DW агентлаг бичсэн байна.
Тахлын үеийн ёслол
Цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа тул энэ ёслолд цөөн тооны хүн оролцсон, харин бусад хүмүүст хэвлэл мэдээллээр дамжуулан үзүүлэх зорилготой байсан тул дүрс бичлэгийн болон гэрэл зургийн камер маш их байсан гэж сэтгүүлчид тэмдэглэжээ.
1998-2005 оны хооронд Германы канцлерын албан тушаалд байсан Герхард Шредерийг үдэх ёслолд 600 орчим зочин ирсэн бол Меркелийн ёслол дээр ердөө 200 зочин л иржээ. Тэдний тоонд Меркелийн сайд нарын танхимд гишүүн байсан 50 гаруй хүн багтсан байна. Ийнхүү цөөн тооны зочин урьсны дээр хүндэтгэлийн хүлээн авалтаас Меркель татгалзжээ.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, өмнө нь ч Меркель сүр дуулиантай хүлээн авалтаас зайлсхийдэг байсан бөгөөд энэ удаад цар тахлын үед үдэлтийн ёслол таарсан тул арга хэмжээ дуусангуут амар тайвнаар гэртээ харих боломжтой болсон гэнэ.
Ирэх долоо хоногть Бундестаг шинэ канцлерыг сонгох санал хураалт явуулснаар Меркель халаагаа өгнө. Германы шинэ канцлераар тус улсын дэд канцлер, сангийн сайд, социал демократ намын Олаф Шольц хэдийнэ тодроод байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ