Л.Оюун-Эрдэнийн эрин үе эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга боллоо. Намын 30 дугаар их хурлын төлөөлөгчдийн 99.7 хувийн саналаар түүнийг эрх баригч намын даргаар сонгов. Энэ бол шинэ мэдээ биш. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга гэсэн албан тушаалаа аль хэдийнэ авчихсан, албан ёсоор батламжлах л үлдээд байв. Өчигдөр түүнийг албан ёсны болгосноор өнөөдрөөс Л.Оюун-Эрдэнийн эрин үе эхэлж байна.
Эрин үе хэмээн нэрлэсний учир нь түүнд эрх мэдэл, улс төрийн дэмжлэг бүгд байна. Төр засгийн удирдлага, эрх баригч намын даргын суудал. Дээр нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, парламентын 62 гишүүний дэмжлэг бий. Одоо түүнд зөвхөн өөрийгөө хэн гэдгээ, ямар удирдлага болохоо харуулах л үлдлээ.
Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамга гардаж авахдаа “...Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм.
...Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна.
Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно” гэж хэлжээ. Түүний хэлснээр эгэл жирийн ардын хүүд одоо энэ улсыг, эрх баригч намыг удирдах эрх мэдэл ирлээ.
Л.Оюун-Эрдэнийн “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт”-ийн бодлого
1. Боомтын сэргэлт
2. Эрчим хүчний сэргэлт
3. Аж үйлдвэржилтийн сэргэлт
4. Хот, хөдөөгийн сэргэлт
5. Ногоон хөгжлийн сэргэлт
6. Төрийн бүтээмжийн сэргэлт
Түүний энэ бодлого амжилттай хэрэгжвэл
-Боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
-Экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө
-Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэнэ
-Хөгжлийн мега төслүүд хэрэгжих дэд бүтцийн сууриад тавигдаж, 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ
-ДНБ буюу эдийн засгийн суурь хэмжээ 2 дахин тэлнэ хэмээн тооцож, намынхандаа, нийт монголчуудад танилцууллаа.
Одоо монголчууд түүнээс шалтиг хүлээж авахгүй. Зөвхөн төлөвлөсөн, зорьсон ажлаа хийх зоригтой, шийдвэртэй алхам л хүлээнэ. Харин түүнийг хэрхэн ажилласныг монголчууд мөдхөн дүгнээд өгнө. 2024 оны сонгууль хаяанд байна. Энэ сонгуулиар эрх мэдэл, албан тушаал + төр, улс төрийн дэмжлэгтэй Л.Оюун-Эрдэнэ хэрхэн ажиллаж, юу хийж бүтээснийг монголчууд дүгнэж, дүнгээ тавина. Тэр 80-аад оны төлөөллийн тод “од” болох уу, муугийн жишээ болон чичлүүлэх үү, монголчууд мөдхөн дүгнэнэ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ