БНХАУ Канадад эсэргүүцэл илэрхийллээ

img

2022 оны хоёрдугаар сард Бээжин хотод болох Олимпын наадмыг дипломатаар бойкотлоход нэгдсэн Канад улсад БНХАУ эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар Оттава дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны олон нийтийн сүлжээн дэх хуудсанд байршуулсан мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

"12 дугаар сарын наймны өдөр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Хятад улсыг "хүний эрхийг зөрчдөг" хэмээн олон нийтийн өмнө худал мэдэгдэл хийж, энэхүү үндэслэлгүй буруутгаснаа Бээжингийн олимп руу дипломат төлөөлөгчдөө илгээхээс татгалзсан шалтгаан болгон ашигласан. Хятадын тал үүнд ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийлэхийн дээр эрс шийдэмгий эсэргүүцэж байна" хэмээн Хятадын ЭСЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн Канадын үйлдэл нь Олимпын үзэл санаатай зөрчилдөж байгааг онцолсон байна.

 

"Канад улс зуны болон өвлийн олимпыг зохион байгуулж байсан бөгөөд олимпын үзэл санааны талаар сайн мэдэж байх ёстой орон. Канадын шийдвэр нь Олимпын хартад тусгагдсан, спорт улс төрөөс ангид байна гэсэн зарчмыг зөрчиж байна. Энэ бол спортыг улс төржүүлж байгааг харуулж байгаа жишээ" хэмээн Хятадын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн энэ мэдэгдэлд, наадамд уриагдаагүй Канад "дипломат бойкот"-ын сэдвийг дэврээж байгаа нь бүхэлдээ улс төрийн хувьд өөрсдийгөө сурталчилж буй хэрэг хэмээн онцолсон байна.

 

"Канад спортыг улс төржүүлэхээ нэн даруй зогсоож, Бээжинд болох өвлийн олимпын наадамд саад болох аливаа үйлдэл, мэдэгдэл гаргахаа зогсоох ёстой. Үгүй бол өөрсдөө гутамшигт байдалд орно" хэмээн Хятадын мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Энд дуулгахад, Хятадад болох Өвлийн олимпыг бойкотлохоор болсон хамгийн эхний улс нь АНУ юм. Үүний араас Австрали, Канад, Британи улс энэ бойкотод нэгдэхээр болсон. Барууны орнууд Хятадыг хүний эрхийн зөрчилд буруутгаж байгаа тул ийнхүү олимпыг бойкотлож байгаа юм. 

Бээжин-2022: Британи, Австрали бойкотод нэгдэв

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ