2021 онд сэтгүүлчдийг хамгийн ихээр хорьсон улс нь БНХАУ

2021 оны байдлаар эрх чөлөөгөө хасуулсан сэтгүүлчдийн тоогоор Хятад улс тэргүүлжээ. Энэ мэдээллийг Сэтгүүлчдийг хамгаалах хороо танилцуулсан байна.
Сэтгүүлчдийг хамгаалах хорооны мэдээлснээр, Хятадад одоогийн байдлаар 50 сэтгүүлч хоригдож байгаа гэнэ. Хятадын араас Мьянмар улс бичигдсэн байна. Энэ улсад 26 сэтгүүлч хоригджээ.
Эдгээр улсын араас 25 сэтгүүлч хоригдож байгаа Египет, 23 сэтгүүлчийг хорьсон Вьетнам, 19 сэтгүүлчийн эрх чөлөөг хассан Беларусь улс тус тус бичигджээ.
Сэтгүүлчдийг хамгаалах хорооны гаргасан тайланд өгүүлснээр, энэ он дэлхий даяар баривчлагдсан сэтгүүлчдийн тоогоор дээд үзүүлэлт тогтоож байгаа гэнэ. Тодруулбал, энэ онд 293 сэтгүүлч торны цаана суужээ.
Сэтгүүлчид ажиллах "аймшгийн нөхцөл"
Хятадад сэтгүүлчид ажиллахад нэн хүнд талаар сэтгүүлчдийн эрхийг хамгаалах "Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллага ч онцолсон байна. Энэ байгууллагын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, Хятадын эрх баригчид сэтгүүлчид ажиллах "аймшгийн нөхцөл" бүрдүүлсэн бөгөөд Хятадын сэтгүүлчдэд байнга дарамт шахалт үзүүлж, тэднийг шалгаж, хянаж, сүрдүүлж эрх чөлөөг нь хязгаарладаг гэнэ.
Хятадын сэтгүүлчдийг Хятадын Коммунист намын дуу хоолой болохыг шаардаж, Ши Жинпиний бүтээлүүдийг нэг бүрчлэн уншихыг тулгадаг аж. Намын албан ёсны чиг шугамыг баримтлахаас татгалзсан нэгнийг үндэсний эв нэгдлийг алдагдуулсан гэж буруутгадаг гэнэ. Энэ байгууллагын мэдээлснээр, мэргэжлийн ажлаасаа болж 127 сэтгүүлч шоронд орсон бол гадаадын сэтгүүлчдийг мөрдөж, хавчиж, өнгөрсөн онд 18 сэтгүүлчийг Хятадыг орхин гарахыг тулгажээ.
"Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллагын гаргасан илтгэлд онцолсноор сэтгүүлчдийг тамлах тохиолдол ч байдаг гэнэ. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг дарамтлахын тулд 2012, 2020 онуудад батласан "алан хядлага, авлигын эсрэг" хуулиудыг ашигладаг байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн төлөөлөгч гэдгийг батлах картынхаа хүчинтэй хугацааг сунгахын тулд "Шигийн бүтээлийг судлаж, улс орноо бэхжүүл" нэртэй апликейшнийг сэтгүүлчид татаж авах ёстой байдаг аж. Хүний эрхийг хамгаалагчдын өгүүлснээр, энэ апликейшн нь хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулдаг юм байна.
Түүнчлэн Шинжаан-Уйгурын өөртөө засах орны тал дээр мэдээллийг хаалттай байлгах бодлого баримталдаг гэнэ. Уйгурчуудыг хэлмэгдүүлсэн талаарх мэдээлэл тараасных нь төлөө 71 сэтгүүлчийг хорьж байжээ. Түүнчлэн Төвөд, Тайвань, авлига, байгалийн гамшиг, жагсаал цуглаан, MeToo хөдөлгөөнтэй холбоотой сэдвүүд ч хэвлэлийнхний хувьд хаалттай байдаг гэнэ.
Хятад дахь сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл байдал нь Мао Зэдуны эрин үеийнхтэй адил гэж "Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллага мэдээлсэн байна. Одоо БНХАУ хэвлэлийн эрх чөлөөний рейтингээр 180 орны 177-д бичигдэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ