Шинэ оны гацуур, чимэглэл өөрчлөгдсөн түүх

Хаа сайгүй шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнэ оржээ. Айл гэр, албан байгууллагууд ч ногоон гацуурыг өнгөлөг чимэглэлээр гоёж. Гэрэл чимэглэлийн гоёлтой ганган ногоон гацуур хүүхдүүдийн төдийгүй томчуудын сэтгэлийг ч баясгахаар. Харин энэ гацуур дээр гялалзах өнгө өнгийн, төрөл бүрийн дүрс хэлбэртэй чимэглэл он цагийн туршид хэрхэн өөрчлөгдөж байсан бол?
Эртний гацуур
Дундад зууны үед л Германы соёлд баярын заншил байжээ. Хүмүүс шинэ жилээр ой руу явж, гацуур авчран, түүндээ өнгө өнгийн тууз уядаг байсан гэнэ.
ХVI зуунд баярын гацуурыгн чимэглэхдээ самар, жимс, төрөл бүрийн амттан ашигладаг болжээ. Түүнчлэн Гэгээн Марияг хүндэтгэж байгаагийн илрэл болгон сарнай ч өлгөдөг байсан гэнэ.
Шилэн бөмбөлөг үүссэн нь
1848 онд Германы Лауша хотод анхны шинэ жилийн бөмбөлгүүд үүсчээ. 1867 энд хотын хийн үйлдвэр байгуулагдсан байна. Ингэснээр нутгийн гар урлаачид маш өндөр температурын дөлийг хийн халаагуурт ашиглах боломжтой болсон байна. Ингээд тэд энэ аргаараа шилэн бөмбөлгөн чимэглэл хийдэг болсон гэнэ. Анхандаа ийм чимэглэлүүд хүний эрүүл мэндэд хортой хар тугалган гадаргуутай байжээ. Харин хожим нь мөнгөний нитратаар сольсон байна.
Цаашлаад чимэглэлийг шувуу, домбо, бүрээ, сахиусан тэнгэр зэрэг төрөл бүрийн дүрстэйгээр хийж, уран гартнууд энэ чимэглэлээ жинхэнэ мөнгөөр, тэр бүү хэл алтан түрхэлгээр чимдэг болжээ. Улмаар Польш, Чех, Орос, АНУ-д гацуурын тоглоом үйлдвэрлэх болсон байна.
Тухайн үед гял цал гацуур засах нь ихэд дэлгэрсэн байв. Шинэ жилийн гацуурыг нарийнхан мөнгөн утсаар чимэглэж, аль болох их гялалзсан тоглоомоор чимэглэдэг байсан гэнэ.
ХХ зууны эхэн үеийн эрдэнэ шиш болон хөвөн тоглоомууд
ХХ зууны эхэн үеэр улс орнуудад гацуур чимэглэх өөр өөрсдийн онцлогтой болсон байв. Тухайлбал, Германд дирижабль, хөлөг онгоц болон бусад төрлийн тээврийн хэрэгслийн дүрстэй гацуурын чимэглэл ихээхэн дэлгэрсэн байв. Түүнчлэн төрөл бүрийн хөгжмийн зэмсэг хэлбэртэй тоглоомууд ч ихээхэн эрэлттэй байсан гэнэ.
Харин энэ үед Америкт шинэ жилийн сүлд модыг жимсээр чимдэг байжээ. Тэр дундаа эрдэнэ шишийг ихээр ашигладаг байсан гэнэ. Тэдгээрийн дунд шидтэний дүрс бүхий чимэлэлийг өлгөдөг байсан бөгөөд энэ шидтэн нь хорон санаат сүнсүүдийг зайлуулна гэж үздэг байжээ.
Харин Орост гар хийцийн, хөвөнгөөр хийсэн тоглоомуудыг ашигладаг байсан гэнэ. Гацууранд хүзүүний шүрэн чимэглэл, даавуун гоёл, бөмбөлөг өлгөдөг байжээ.
Дэлхийн нэгдүгээр дайн хүний амьдралд бүхэлд нь нөлөөлөв. Хүмүүс гацуурыг тун ч даруу байдлаар засдаг байжээ. Мөн гацуур анх Германаас гаралтай байсан тул Орост үүнийг дэмждэггүй байв. Түүнчлэн гацуурыг хэт ганган чамин засахыг ч таашаадаггүй байлаа. 1917 оны хувьсгалаас хойш 1935 он хүртэлх хугацаанд гацуурын чимэглэл үйлдвэрлэх, шинэ жилийн баяр тэмдэглэхийг ор тас хорьсон байв.
Чухамхүү энэ үед манай орны, Германд боловсрол эзэмшсэн хэсэг залуус шинэ жил тэмдэглэснийхээ төлөө хэрэгт татагдаж явсан гашуун түүх бий. Тодруулбал, их зохиолч Д.Нацагдоржийг 1932 оны тавдугаар сард баривчилж хорьсон юм. Түүнийг баривчлан хорих болсон нь тайж гаралтай, мөн Германд сурч байсан зэрэг шалтаг байв. Харин баривчлах шалтаг нь “Тайж Нацагдоржийн банкет” нэртэй гэрэл зургаас болсон гэдэг.
1931 оны арванхоёрдугаар сарын 31-нд Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жил тэмдэглэжээ. Тухайн үед Д.Нацагдорж гэргий Нина Чистяковатайгаа суугаад удаагүй байсан аж. Ингээд Германд хамт сурч байсан Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Доржцэрэн, Батсүх, Г.Ирина, Хурлаат нарын хэсэг нөхдийн хамт оргилуун дарс буудуулж, ширээ засч шинэ жилийн баярыг тэмдэглэсэн байна. 1929 оноос хойш Д.Нацагдоржийг өөлж гоочлох явдал эхэлж, ажлаас нь халахыг хүртэл оролдож байсан бөгөөд алдаа дутагдал гаргахыг нь анаж байсан хүмүүст их зохиолч Д.Нацагдорж орос эхнэрийнхээ хамт, Германд сурч байсан хүмүүстэй шинэ жилийг Европ маягаар тэмдэглэсэн нь шалтаг болсон гэдэг. Тэрхүү шинэ жилийн баяр тэмдэглэхэд орос эхнэрийнхээ хамт оролцсон “Берлин” хочит Бат-Очир гэдэг хүн нэрт зохиолчийн шинэ жилийн баяр тэмдэглэж байх үеийн гэрэл зургийг авчээ. Тэрбээр уг зургийнхаа ард “Тайж Нацагдоржийн банкет” гэж тодотгон бичээд Дотоодыг хамгаалахынханд өгснөөр Д.Нацагдоржийг 1932 оны тавдугаар сарын 18-нд баривчлан мөрдөн байцааж эхэлжээ.
Удирдагчдын зурагтай чимэглэл
Хойд хөршид 1937 онд л шинэ жилийн гацуур модыг чимэглэх уламжлал дахин сэргэсэн байна. Ийнхүү сэргэхэд 1935 оны 12 дугаар сарын 28-ны өдөр "Правда" сонин дээр гарсан багахан тэмдэглэл нөлөөлсөн гэдэг. Энд Шинэ жилээр хүүхдүүдэд зориулан сайхан гацуур чимэглэх өгөх санаачилга гаргасан байна. Ингээд л урт хугацааны дараа шинэ жилийн чимэглэл тоглоомыг үйлдвэрлэж эхэлсэн байна.
Гэсэн ч тухайн үеийн үзэл суртал гацуурын чимэглэлд ч нэвт шингэсэн байв. Тоглоомон чимэглэлд удирдагчдын хөргийг байрлуулсан бол бусад чимэглэлүүдийг шүхэрчин, Хойд туйлын судлаачдын дүрээр хийгддэг байв. Харин энэ үед Америк, Европт гацуурыг сонгодог зул сарын бэлгэдлээр чимэглэдэг байжээ.
Оросын тухайд дайн дууссаны дараа шинэ жилийн чимэглэл үйлдвэрлэх нь иргэдийн сэтгэл санааг өргөх зорилготой байв. Гэрэлт ирээдүйд итгэх итгэлийг төрүүлэх үүднээс тайван амгалан дүртэй амьтан, шувуу, Пушкиний үлгэрийн баатруудыг дүрслэн чимэглэл үйлдвэрлэдэг байжээ. Тэр дундаа Өвлийн өвгөн, Цасан охины дүртэй чимэглэл ихээхэн эрэлттэй байсан гэнэ.
Тавиад оны мөнгөлөг гацуур
1950-иад онд олон орны хувьд гацуурууд минимализмын эрин үед шилжив. Энгийн бөмбөлгүүд "моодонд" оров. Харин Зөвлөлт Холбоот Улсад хиймэл мөнгөлөг гацуур ихэд дэлгэрчээ. Гялалзалдаг гацуурны минималист хэв маяг АНУ-д ч алдартай байв.
1956 онд ЗХУ-д гарсан "Багт наадмын шөнө" уран сайхны кино шинэ жилийн "моод"-ыг ихээхэн өөрчилжээ. Ингээд зөвлөлтийн иргэд шинэ он гарахад таван минут дутуу байгааг харуулсан цаг дүрстэй тоглоом ихээр худалдан авах болжээ.
Сансар
Өнгөрсөн зууны 60-аад онд Зөвлөлтийн түүхэн үйл явдал, гол ололт амжилтууд гацуурын чимэглэлүүдэд ихээхэн тусгагдах болов. Тухайн үед голчлон сансар, хөдөө аж ахуйн сэдэвтэй гацуурын чимэглэл урлаж байлаа. Зөвлөлтийн айл бүрт, цаашлаад энэ улсаас худалдаа хийдэг байсан манай оронд ч сансрын нисэгч, пуужин, төрөл бүрийн ногооны дүрстэй чимэглэлүүд гацуурыг нь гоёдог болжээ. Түүнчлэн сансараас гадна гэр бүлийн тав тухтай уур амьсгалыг сурталчилсан чимэглэлүүд гаргах болж, данх, ширээний гэрэл, самовар дүрстэй чимэглэлүүдийг олноор нь үйлдвэрлэх болсон гэнэ. Харин анхны гацуурын гэрэл Зөвлөлтөд 60-аад онд үүсчээ. Эдгээр гэрэл нь өнгөтэй байсан ч анивчдаггүй байсан гэнэ.
70-80-аад оны загвар
Энэ үед том чимэглэлүүд биш харин гарын алганд багтах жижиг чимэглэлүүд "моод" болсон гэнэ. Чухамхүү энэ үед дээд зэргээр гоёсон гацуур "моодонд" орсон бөгөөд "бороо" гэж нэрлэгдсэн саагаар гацуурыг бүхэлд нь хучдаг байж. Энэ моод ч манай улсад мөн дэлгэрч байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ