2022 оны тухай Билл Гейтсийн таамаглал

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Билл Гейтс жил бүр шинэ жилийн захидал бичдэг уламжлалтай. Тэрбээр энэ удаагийн захидалдаа 2021 оныг дүгнэн, 2022 оны тухай таамаглалаа дэвшүүлжээ.
"Энэ бол миний амьдралын хамгийн ер бусын, хүнд жил байлаа. 2020 онд бүх зүйл хэвийн байсан бол 2021 онд бид бүгд цар тахлын байдалд орсон. Ингээд бид бүгд өөр өөрийнхөөрөө "шинэ дэг журам"-д дасах шаардлагатай болсон юм. Миний хувьд 2021 он ихэнхдээ интернетэд өнгөрүүлсэн цаг хугацаа байлаа" хэмээн Билл Гейтс өгүүлжээ.
Тэрбээр энэ захидалдаа, АНУ-ын цэргүүд Афгианистанаас гарсан, Суэцийн сувагт чингэлэг тээвэрлэгч гацсан зэрэг олон улсад гарсан томоохон үйл явдлуудыг дурдаад, үүний араас эхнэр Мелиндагаас салсан талаараа бичжээ.
"Бид хамтдаа буяны сангаа удирдаж байгаа. Миний хувьд энэ он нэн гунигтай байсан гэдгийг үгүйсгэхгүй" хэмээн Гейтс бичжээ.
Харин тэрбээр ирэх оныг ихээхэн өөдрөгөөр харж байгаа аж. Тэрбээр 2022 онтой холбоотой дараах дөрвөн таамаглалыг дэвшүүлжээ.
КОРОНАВИРУС
Гейтс хүн төрөлхтөн ковидыг давна гэж таамаглаж байлаа. Жилийн өмнө тэрбээр 2021 он 2020 оноос илүү дээр байна гэж бичиж байлаа. Гэвч түүний болон бусдын таамаглал дельта хувилбар гарснаар төөрөлдөж, 2021 онд нас барсан хүний тоо 2020 оныхоос хавьгүй их байлаа. Гэхдээ л Гейтс сайн сайханд итгэсэн хэвээр байгаагийн дээр цар тахлын хурц үеийг ирэх онд давна гэж таамаглажээ.
"Тийм ээ, омикрон штамм сэтгэл түгшээж байгаа. Гэхдээ дэлхий дахин шинэ, илүү хор хөнөөлтэй хувилбарт өмнөхөөс сайн бэлтгэгдсэн" хэмээн Гейтс бичжээ.
Ирэх онд ковид эндемик өвчин болно, өөрөөр хэлбэл тодорхой бүс нутгуудад л дэгдэхээс биш дэлхий даяар хамраад байхгүй өвчин болно гэж тэрбэмтан үзэж байгаа гэнэ. Түүнчлэн шаардлагатай бол шинэчилсэн вакцин бүтээх илүү их боломж хүн төрөлхтөнд бий болсон гэж Гейтс онцолжээ.
ОФИСЫН АЖИЛ
Цар тахлын үед хүн төрөлхтөн тоон ертөнцөд том алхам хийснийг хүн бүр л ярьж байгаа. Дүрст дуудлагаар хурал хийх, интернетээр дамжуулан хоол хүнсээ авах зэрэг урьд өмнө төдийлөн дэлгэрээгүй байсан аргууд цар тахлын үед амьдралын хэвшил болсон юм. Гэхдээ энэ нь "мөсөн уулын ердөө орой хэсэг" нь гэж Гейтс үзэж байна.
"Бидний ашиглаж буй технологууд цаашдаа улам л сайжирна. Бид тоон төхөөрөмжийг ашиглах тусам хэрхэн сайжруулах талаараа олж мэднэ. Цар тахал тоон технологийг хэрхэн өөрчилснийг ойлгоход багадаа 10 жил шаардагдана. Гэхдээ ойрын үеийн дэлхий дахины өөрчлөлтийг олж харж болохоор салбарууд одоо ч надад харагдаж байна" хэмээн Билл Гейтс бичжээ.
Түүний үзэж байгаагаар офисын ажил эрс өөрчлөгдөж, тусгайлан томилолтод явах, хурал зөвлөгөөн биечлэн уулзаж хийдэг хэв маяг хоцрогдох гэнэ.
"Бид гэрээсээ ажилладаг болсон. Цар тахал дууссан ч энэ нэг их өөрчлөгдөхгүй. Гэхдээ бид гэртээ сууж ажиллахаараа хамт олонтойгоо харилцах боломжоо алддаг. Энэ асуудлыг амархан шийдэж болно. Хоёр дэлгэц тавиад, нэгэн дээр нь камер суурилуулна. Хоёр дахь дэлгэц дээр хамт ажиллагсдын камераас ирсэн дүрсүүд харагдана" хэмээн Гейтс бичжээ.
Ойрын 2-3 жилд өнөөгийн ZOOM хурлууд тоон аватар бүхий мета огторгуй болон өөрчлөгдөнө гэдэгт Билл Гейтс итгэлтэй байна. Түүний үзэж байгаагаар, бид тав тухтай, аюулгүйгээр гэр орондоо байх зуур бидний цахим хувилбарууд цахим орон зайд бусдын хувилбаруудтай уулздаг болох гэнэ.
БОЛОВСРОЛ
Гейтсийн үзэж байгаагаар офисын ажил руу заавал биечлэн очих шаардлагагүй бол харин сургуульд заавал очих ёстой гэнэ. Гэхдээ бүх зүйл урьдын адил байхгүй гэж Гейтс өгүүлжээ. Тоон боловсролын хэрэгслүүд сургалтын явцад улам илүү нэвтрэх гэнэ. Цахим төхөөрөмжийн ачаар багш аль нэг сурагч ямар хичээлийн сэдэв дээр тусламж шаардлагатай байгааг олж мэддэг болох аж. Оюутнууд өөрсдийн төвшинд илүү тохирсон тусгайлсан даалгавруудыг авдаг болно. Гэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлэхэд сургууль, гэрт нь хангалттай хүчтэй компьютер, хурдтай интернет байх ёстой гэж Гейтс бичжээ.
АНАГААХ УХААН
Эмч дээр биечлэн очихгүй, цахим уулзалт товлон эрүүл мэндийн зөвлөгөө авах арга өмнө нь ч байсан, гэхдээ гагцхүү цар тахлын үеэр энэ арга илүү дэлгэрсэн юм. Дараагийн хоёр жилд өөрөө эмнэлэг рүү очихын оронд цахимаар зөвлөгөө авах аргыг сонгох хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ гэж Гейтс үзэж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ