Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээн авчээ

Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийн зөвшилцөл амжилттай болжээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын санал, шаардлагыг хүлээн авч буйгаа өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдсэн байна. Энэ талаар Засгийн газрын тэргүүн мэдээлэл хийлээ.
Рио Тинто, “Туркойз Хилл Ресурсес“ компанийн ТУЗ хуралдаж, дараах таван шийдвэрийг гаргаж, Монгол Улсын Засгийн газарт уламжилжээ.
-
Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр цаашид 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, ногдол ашиг наашилна.
-
Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-г цуцалж байна.
-
Далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдсан санхүүжилтэд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, шаардлагатай бол зөрүү хөрөнгийг төлөхөд бэлэн байна.
-
Гүний уурхайг 2023 оны 04-05 дугаар сард ашиглалтад оруулахаар тооцож байна. Энэ хүртэл болон цаашид гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцана.
-
Компанийн засаглалыг сайжруулах, Монгол Улсаас эрчим хүч авах, байгаль орчин, нийгмийн чиглэлээр хамтран ажиллана.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ажлын хэсгийн зөвшилцөл амжилттай явагдаж, сүүлийн 12 жил яригдсан асуудалд хөрөнгө оруулагч тал буулт хийж, тодорхой хэмжээний үр дүнд хүрлээ. Энэ бол дотоодын эв нэгдлээс гадна Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчидтай зөвшилцөж чаддаг, дараагийн хөрөнгө оруулалтад нээлттэй байгаагийн илэрхийлэл боллоо” гэдгийг тэмдэглэв.
Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээ цаашид үргэлжилнэ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ