Bloomberg 2022 оны эдийн засгийн гол эрсдэлүүдийг нэрлэв

Блүмберг агентлагийн шинжээчид ирэх оны эдийн засгийн гол эрсдэлүүдийг нэрлэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусийн омикрон штамм, Орос, Украины хоорондын хурцадмал байдал, Хятад дахь инфляци болон эдийн засгийн уналт нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх гэнэ.
Ихэнх эдийн засгийн шинжээчид 2022 онд дэлхийн эдийн засаг тогтвортойгоор сэргэнэ гэж найдаж байгаа ч эдийн засгийн өсөлтөд саад болж мэдэх хэд хэдэн хүчин зүйл байна гэж Блүмберг мэдээлжээ.
"Олон эрсдэл байна. Омикрон штамм, инфляци, Хятадын эдийн засгийн уналт, Брекзит, еврогийн шинэ хямрал, Ойрх Дорнод дахь хүнсний үнийн өсөлт гээд эрсдэл их бий" хэмээн Блүмберг агентлагийн шинжээчид бичжээ.
Блүмберг агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар, коронавирусийн омикрон штамм нь илүү халдвартай, үхэлд хүргэдэг бол энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх гэнэ. Гурван сарын туршид хатуу хязгаарлалтад шилжвэл 2022 оны эдийн засгийн өсөлтийг 4,2 хувиар сааруулна гэж шинжээчид онцолжээ.
Нөхцөл байдал ингэж эргэвэл эрэлт буурч, нийлүүлэлт болон логистиктой холбоотой хүндрэлүүд шийдэгдэхгүй улам даамжирна гэж шинжээчид үзэж байна.
Түүнчлэн инфляци хурдацтай өсөхийг анхааруулжээ. Тухайлбал, 2021 оны эхээр гарсан таамаглалд АНУ энэ оныг 2 хувийн инфляцитайгаар дуусгана гэж байсан бол одоо энэ үзүүлэлт долоон хувьд ойртож очсон байна.
Мөн Украин, Оросын хоорондын хурцадмал харилцаа хийн үнийг өсгөж болзошгүй гэж шинжээчид таамаглажээ.
Инфляци өсөхөд нөлөөлж болзошгүй бусад хүчин зүйлсийн дотор цаг уурын өөрчлөлтийг нэрлэсэн байна. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн тоо нэмэгдсэнээр хүнсний үнэд нөлөөлж болзошгүй гэж тэд үзжээ.
Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлэх нь хөгжиж буй зах зээлүүдэд сөргөөр нөлөөлж магадгүй гэнэ. Бодлогын хүүг нэмэгдүүлснээр доллар чангарч, улмаар хөгжиж буй орнуудын зах зээдээс хөрөнгө гадагш урсан, валютын хямрал үүсгэдэг байна. 2022 онд ийм эрсэдлтэй нүүр тулж мэдэх орнуудын тоонд Аргентин, ӨАБНУ, Турк, Бразил, Египетийг нэрлэжээ.
Блүмбергийн нийтлэлд өгүүлснээр, 2021 оны гуравдугаар улиралд Хятадын эдийн засаг “зогссон” гэнэ. Хятадын эрчим хүчний хомстолоос үүдэлтэй хямрал ирэх онд багасах хэдий ч бусад асуудлууд хэвээр үлдэнэ гэж шинжээчид онцолсон байна. Гэхдээ Хятадын эдийн засаг 2022 онд 5,7 хувиар өснө гэж шинжээчид таамаглажээ.
Түүнчлэн геополитик дэлхийн эдийн засагт нөлөөлнө гэж үзэж байна. Тухайлбал, Тайванийг тойрсон хурцадмал байдалд АНУ-ын зүгээс хариу өгч, улмаар “супер гүрнүүдийн дайн” дэгдэж болзошгүй, гэхдээ энэ нь хамгийн эцсийн хувилбар гэж шинжээчид онцолжээ. Дайн дэгдэхгүй байлаа ч дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд хориг арга хэмжээ тавьснаар худалдааны харилцаа саатна гэж таамаглаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ