Б.Батцэцэг: Монгол, Оросын хооронд шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхийлөгчийн Москвад хийх айлчлал болон Монгол, НАТО-ийн харилцааны талаар "Известия" сонинд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.
— Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой өнгөрсөн сард тохиосон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугар сарын 16-ны өдөр Орост айлчлал хийх гэж байна. Хоёр орны тэргүүн ямар асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ?
— Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал энэ оны туршид өргөнх тэмдэглэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ өнгөрсөн 100 жилийн хугацаан дахь хоёр талын харилцааны хөгжлийг дүгнэнэ. Цаашдын хөгжлийн зорилго, гол чиглэлүүд% томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж, шинэ 100 жилд өрнөх харилцааны замын зургийг гаргана гэж найдаж байна.
Айлчлалын үеэр төрийн тэргүүнүүд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг шинэ төвшид гарах асуудлыг хэлэлцэнэ. Сүүлийн жилүүдэд хуримтлагдсан жижиг аж ахуйн асуудлуудыг шийдэж, тэдгээрийг өнгөрч буй зуун жилд үлдээн, дараагийн зууныг томоохон төслөөс эхлэх ёстой гэж би үзэж байна.
Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийг тохиолдуулан хамтарсан тунхаг гаргах төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх боомтууд, гаалийн үйл ажиллагаа, оюуны өмчийг хамгаалах болон соёлын салбарын хамтын ажиллагаа гэсэн чиглэлүүдээр баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Манай хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг шинэ төвшинд гаргаж, дунд хугацааны болон урт хугацааны хамтарсан төлөвлөгөөнүүдийг боловсруулах нь зүйтэй гэж би үзэж байна.
Тэр дундаа, Оросын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг ашиглан Евразийн эдийн засгийн холбоо болон гуравдагч орнууд, тухайлбал Хятадын зах зээлд гаргах мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг манай оронд байгуулвал ирээдүйтэй. Манай хоёр орны бизнес эрхлэгчид ийм боломжийг судална гэдэгт найдаж байна.
Монгол Улсын Засгийн газар эрхзүйн орчныг сайжруулж, гадаад худалдаанд тулгарч буй бэрхшээлүүдийг арилгахад анхаарал хандуулна.
— Монгол Улс 2012 оноос эхлэн НАТО-ийн түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцож, харин Монголын цэргүүд Афганистан дахь эвслийн ажиллагаанд тогтмол оролцож байгаа. АНУ, БНХАУ-ын харилцаа хурцадмал болж байгаа энэ үед Монгол, НАТО-ийн хоорондын ирээдүйг та хэрхэн харж байгаа вэ? Энэ хамтын ажиллагаа Монгол Улс Орос болон Хятадтай харилцахад хэрхэн нөлөөлөх вэ?
—Монгол Улс олон улсын гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн амар амгалан, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулахыг чармайдаг. Үүнтэй холбоотойгоор 2012 онд Монгол, НАТО-ийн түншлэл, хамтын ажиллагааны тусгай хөтөлбөр батлагдаж, ингэснээр Монгол улс Хойд Атлантын эвслийн түнш орон болсон. Тухайн үед Орос, НАТО идэвхтэй хамтран ажиллаж, тэр дундаа алан хядах ажиллагаатай тэмцэх хамтарсан сургуулилалт зохион байгуулж байлаа.
Монгол, НАТО-ийн түншлэл, хамтын ажиллагааны тусгай хөтөлбөр нь улс төрийн яриа хэлэлцээ, оролцогчдын боловсрол, боломжийг бэхжүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлын шинэ сорилтуудыг даван туулахад чиглэгдсэн. Энэ хөтөлбөр дээр тулгуурлан НАТО-тай хамтран цэргийн боловсролыг өргөтгөх хөтөлбөр хэрэгжүүлж байлаа.
НАТО-тай харилцах манай хамтын ажиллагаа нь ардчилал, хууль ёс, хүний эрх, аюулгүй байдал гэсэн нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурласан бөгөөд Монгол Улсын гадаад бодлогын концепцийн дагуу бидний хэрэгжүүлдэг олон талт бодлогын зорилгуудад бүрэн нийцдэг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс, НАТО-ийн хоорондын хамтын ажиллагаа аль нэг орон руу чиглэгдээгүй.
— БНСУ болон БНАСАУ-ын хоорондын улс төрийн харилцаанд дэмжлэг үзүүлэх зорилготой Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ"-г Монгол Улс үргэлжлүүлэх үү?
— Зүүн Хойд Азийн бүхий л орнуудыг багтаасан улс төрийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох санаачилгыг Монгол Улс 1980-аад оноос дэвшүүлж байсан. Хельсинкийн хэлэлцээрийн адилаар Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" механизмыг байгуулах санааг 2013 оны гуравдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч дэвшүүлж байлаа.
Бүс нутгийн орнууд Монголын санаачилгыг дэмжиж, 2014 оноос эхлэн энэ механизмын хүрээнд олон улсын бага хурлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн. Харамсалтаөй нь коронавирусийн цар тахлын улмаас 2020, 2021 онуудад бид бага хурлыг зохион байгуулж чадсангүй.
Солонгосын хойг дахь сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх, энэхүү механизмаар дамжуулан шинэ боломжуудыг нээхэд дэмжлэг үзүүлэхийг манай улс хичээж ирсэн. Энэ санаачилга нь Монгол Улсын гадаад бодлогын концепцид нийцэж байгаагийн дээр бүс нутгийн төвшинд яриа хэлэлцээг урагшлуулахад дэмжлэг үзүүлдэг, тиймдээ ч би энэ механизмын ажиллагааг дэмждэг юм.
Бид ирэх жил ээлжит бага хурлаа зохион байгуулахаар төүлөвлөж байна. Энэ хуралд Орос болон бүс нутгийн бусад орнууд идэвхтэй оролцоно гэж найдаж байна.
— Монгол-Орос-Хятад эдийн засгийн коридорыг байгуулах хүрээнд дэлхийд томоохонд тооцогдох Таван толгой нүүрсний орд газраас Зүүнбаян өртөө хүртэлх төмөр зкамыг Улаанбаатар Төмөр замын оролцоотойгоор байгуулж байгаа. Энэ зам хэзээ ашиглалтад орох вэ? Энэ нь гурван талт эдийн засгийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
— Монгол, Орос, Хятадын хамтын хүчин чармайлтын ачаар гурван талт хамтын ажиллагааны механизм бий болж, түүний эрхзүйн үндсүүд бэхжин, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжсөн.
Нэн ялангуяа транзит тээвэрлэлт өсөлт ажиглагдаж байна. 2021 оны есдүгээр сарын байдлаар транзит тээвэрлэлтийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 210 хувиар өссөн бөгөөд цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Транзит тээвэрлэлт нэмэгдэж байгаа нь гурван талт үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах хамтын ажиллагааны эерэг үр дүнгийн тод жишээ юм.
Монгол Улс улам бүр өсөн нэмэгдэж байгаа ачаа тээвэрлэлтийн хэрэгцээг хангах зорилт тавьж, шинэ төмөр зам байгуулан, хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан далайд гарах гарц болможийг хөгжүүлэхээр зорьж байна. Энэ зорилгод хүрэхэд чухал төслүүдийн нэг нь 2019 онд эхэлсэн, Монгол Улс өөрийн нөөц боломжоор байгуулж буй Таван толгой-Зүүнбаянгийн төмөр зам байгуулах ажил юм.
Энэ төмөр зам нь жилд 15 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай байх бөгөөд одоо 97,6 хувийн гүйцэтгэлтэй, 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Энэ төслийн үргэлжлэл болгон Зүүнбаян-Хөөт-Эрээнцав төмөр замыг байгуулах бөгөөд энэ нь гурван орны хоорондын төмөр замын харилцааны шинэ шугам болох юм. Ингэснээр Монгол Улсын транзит боломж нэмэгдэж, төмөр зам дагуу байрлах ашигт малтмалын 30 гаруй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болно.
— Оросоос Хятад руу нийлүүлэх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулан баривал Монгол Улс Москвагаас хамааралтай байх байдал нэмэгдэнэ гэж судлаачид үздэг. Та үүнтэй санал нэгдэх үү?
— Бүтэн зуун жилийн туршид Монгол, Орос Улс шиг найрсаг, тогтвортой харилцаа өрнүүлж байгаа улс орон дэлхийд цөөн. Манай хоёр талын харилцаанөы тогтвортой байдал онцгой түүхэн шинж чанартай. Бидний хооронд зарчмын зөрөлдөөн эсвэл шийдэгдээгүй асуудал гэж байхгүй.
Тэнгш эрх, харилцан ашигтай байх зарчим дээр суурилсан хоёр талын болон гурван талын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг манай улс амжилттай хөгжүүлдэг. Тиймээс хийн хоолойн төсөл амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Энэ төсөл гурван орны эдийн засгийн ашиг сонирхолд нийцэж байгаа, харилцан ашигтай, тиймдээ ч бидэнд итгэл төрж байгаа юм. Гэхдээ томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ