В.Путин: Орос, Хятадын харилцаа XXI зууны хамтын ажиллагааны үлгэр жишээ

img

Лхагва гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпинь нарын цахим уулзалт боллоо. Энэ уулзалт нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай цахимаар уулзсанаас хойш долоо хоногийн дараа болсон юм. Владимир Путин, Ши Жинпинь нарын цахим уулзалт нэг цаг гаруй хугацаанд үргэлжилжээ. Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр хоёр талын харилцаанаас эхлээд олон улсын гээд чухал асуудлуудыг хэлэлцсэн уулзалт болсон байна.

 

Дэлхийн улс төр 

Путин долоо хоногийн өмнө Байдентай уулзсан гэдгээ Ши Жинпиньд хэлээд, энэ уулзалтыг өргөн агуулгатай, үр дүнтэй байсан хэмээсэн байна. 

 

Мөн Байдентай хийсэн уулзалтын гол сэдвүүдийн нэг болсон аюулгүй байдлын баталгааны тухай хэлэлцээг Барууны орнуудтай нэн даруй эхлүүлэхэд бэлэн гээд хэлэлцээрийн явцыг Бээжинд мэдээлнэ хэмээжээ. БНХАУ-ын дарга Оросын санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Түүнчлэн, 12 дугаар сарын 9-10-ны хооронд АНУ-ын зохион байгуулсан "Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт"-ыг талууд үр дүнгүй хэмээн Владимир Путин, Ши Жинпинь нар мэдэгдсэн байна. Энэ дээд хэмжээний уулзалтад БНХАУ, ОХУ оролцоогүй бөгөөд Хятадын тал энэ уулзалтыг "дэлхий дахиныг хуваасан", үр ашиггүй арга хэмжээ гэж мэдэгдэж байлаа. 

 

Мөн Хятад, Оросын төрийн тэргүүнүүд Австрали, Их Британи, АНУ-ын цэргийн эвсэл болох AUKUS, АНУ, Австрали, Япон, Энэтхэгийн оролцсон Quad зэрэг эвслийг Ази Номхон далайн бүс нутагт байгуулж байгааг шүүмжилсэн байна. AUKUS эвслийг АНУ, Их Британи, Австрали улс хамтран есдүгээр сард байгуулсан бөгөөд эвслийн хүрээнд Австрали улс Тэнгисийн цэргийн флотдоо зориулж дор хаяж найман атомын шумбагч онгоц хүлээн авахаар тохиролцсон юм. 

 

Энэхүү "гурван талт түншлэл" -ийг Хятад улс түүний бүс нутгийн нөлөөлөл, тэр дундаа Өмнөд Хятадын тэнгис дэх нөлөөллийг сөрөн зогсох оролдлого гэж хүлээж авна хэмээн шинжээчид үзэж байлаа. АНУ-ын хувьд "Бээжинг сөрөн зогсохын тулд" ажлын хэсэг бүрдүүлж байгаагаа  огт нуухгүй байгаа юм. 

 

Талууд түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны дээд хэмжээний уулзалтыг 2022 онд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. Энэ санаачилгыг Оросын Ерөнхийлөгч 2020 оны нэгдүгээр сард гаргаж байлаа. Түүнчлэн ойрын үед Орос, Хятад, Энэтхэгийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулах эрмэлзэлтэй байгаа аж. 

 

Хоёр талын харилцаа

Ирэх оны хоёрдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотод Өвлийн олимп, паралимпийн наадам болно. Хятад улс хүний эрхийг ноцтой зөрчдөг гэсэн шалтгаанаар Барууны орнууд энэ наадмыг дипломат байдлаар бойкотлож, өндөр албан тушаалтнууд нь Бээжинд очихгүй гэж ээлж дараалан мэдэгдсээр байгаа юм. Үүний хариуд ч Хятадын эрх баригчид хатуухан мэдэгдэл хийсээр байгаа. 

 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард Бээжинд болох Өвлийн олимпын нээлтэд очих хүсэлтэй байгаагаа нотолсон байна. Үүний хариуд Ши Жинпинь "олимпоор уулзах"-аа тэсэн ядан хүлээж байна хэмээн мэдэгджээ. 

 

БНХАУ-ын дарга уулзалтын үеэр Оросын төрийн тэргүүнийг эртний нөхөр хэмээн нэрлээд, энэ удаагийн цахим уулзалт нь Ши Жинпинь өнөөгийн албан тушаал дээрээ очсон 2013 оноос хойших 37 дахь удаагийн уулзалт гэдгийг сануулсан байна. Энэ он гарсаар талууд хоёр дахь удаагаа цахим уулзалт хийж байгаа юм. Эхнийх нь 2021 оны зургадугаар сарын 28-нд болсон бөгөөд Найрсаг хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээний 20 жилийн ойд зориулагдсан уулзалт байв.

 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Хятадын харилцааг "XXI зууны улс хоорондын хамтын ажиллагааны жинхэнэ үлгэр жишээ" хэмээн нэрлэжээ. Үүний хариуд БНХАУ-ын дарга хоёр орны харилцаа нь "бат бэх, шинэ уур амьсгалтай болсон" гэдгийг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн олон улсын асуудлаарх Москва, Бээжингийн хамтын ажиллагаа нь дэлхий дахины нөхцөл байдлыг тогтворжуулдаг хэмээсэн байна. 

 

Уулзалтын үеэр талууд эдийн засгийн асуудлуудыг ч авч хэлэлцжээ. Тэр дундаа Оросоос Хятад руу үр тариа нийлүүлэх, "Сила Сибири-2" хийн хоолойн төсөл байгуулах, Орос, Хятадын худалдааны ажиллагаанд зориулсан санхүүгийн хараат бус дэд бүтцийг байгуулах, Евразийн эдийн засгийн холбоо болон "Бүс ба зам"-ын санаачилгуудыг уялдуулах талаар хэлэлцсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bid yana daa
2021-12-16