Эль Чапогийн хөвгүүдийн талаарх мэдээллийг таван сая доллараар үнэлжээ

Хар тамхины бүлэглэлийн толгойлогч, дэлхийн хамгийн чинээлэг гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад багтдаг, гэмт хэргийн ертөнцөд Эль Чапо хочоороо алдартай Мексикийн гэмт хэрэгтэн, тэрбумтан Хоакин Гусман Лоэра өдгөө шоронд хоригдож байгаа юм.
Мексикийн "Синалоа" хар тамхины бүлэглэлийн толгойлогч асан Хоакин Гусманы дөрвөн хүүгийн байрлаж байж болзошгүй газрын талаарх мэдээлэл өгсөн хүнд Америкийн эрх баригчид 5 000 000 ам.долларын шагнал амалжээ. Энэ талаар televisa дамжуулсан байна.
Цуутай гэмт хэрэгтний хоёр дахь гэрлэлтээс төрсөн өв залгамжлагчид нь гэмт хэргийн ертөнцөд дээгүүр байр суурь эзэлж байгаа гэж Америкийн хууль сахиулах байгууллагынхан үзэж байгаа аж. Гусманы дөрвөн хүүг хар тамхи наймаалсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Энд дуулгахад Эль Чапо хочит Хоакин Гусманы эхнэр Эмма Коронель Айспуро энэ сарын эхээр хорих ял сонссон юм. АНУ-ын шүүх дээр тэрбээр Синалоа хар тамхины бүлэглэлд тусалдаг байснаа хүлээсэн бөгөөд улмаар гурван жил шоронд хоригдохоор болсон. Эмма Коронель энэ оны зургадугаар сард хар тамхи түгээх, мөнгө угаах зорилгоор үгсэн хуйвалдаанд оролцсон, Синалоа хар тамхины бүлэглэлийн санхүүгийн хэлэлцээрүүдэд оролцож байсан гэдгээ хүлээсэн байна.
Өмнө нь АНУ-ын гоо бүсгүйн титэм хүртэж байсан Коронель энэ оны хоёрдугаар сард Вашингтоноос холгүйхэн байх Даллесын олон улсын нисэх буудал дээр баривчлагдсан юм. Тэрбээр Гусмантай гэрлээд ихэр охид төрүүлсэн бөгөөд охид нь одоо есөн настай гэнэ. Эмма Коронелийн өмгөөлөгч түүнийг "насанд хүрээгүй байхдаа хар тамхины наймааны ертөнцөд орсон, өршөөгдөх ёстой" гэж мэдэгдсэн байна. Коронель баривчлагдсаныхаа дараа хууль сахиулах байгууллагынхантай хэлэлцээ хийж, Гусманыг 2014 онд шоронд байх үеэр нөхрөө төлөөлөн Синалоа бүлэглэлийн бусад гишүүдтэй холбоо харилцаа тогтоож байсан гэдгээ хүлээжээ. Мөрдөн байцаагчдын тогтоосноор, Гусман 2015 онд шоронгийн камерын доогуурх хонгилоор дамжин шоронгоос оргох төлөвлөгөө гаргахын тулд эхнэрээ ашигласан байна. 2016 онд Гусманыг баривчилж, жилийн дараа АНУ руу шилжүүлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ