"Шулмын ан"-ийн үеэр цаазлуулсан хүмүүсийг цагаатгана

img

Шотландад 300 жилийн тэртээ өрнөсөн "Шулмын ан"-ийн үеэр ид шид хэрэглэсэн хэмээн буруутгагдсан, ихэвчлэн охид, эмэгтэйчүүдээс бүрдэх олон мянган хүнийг цагаатгахаар болжээ. Энэ нь "Шотландын шулмууд" бүлгийн идэвхтнүүдийн явуулсан хоёр жилийн хугацааны аяны үр дүн гэж Sunday Times мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр 1563-1736 оны хооронд Ид шид хэрэглэхийг хориглох тухай хуулиар олон хүн гэмт хэрэгт буруутгагдаж, тэдний талаас илүү хувь нь цаазлуулсан бөгөөд цаазын ял сонссон хүмүүсийн 85 хувь нь эмэгтэйчүүд байжээ. 

 

Энэ үеийн золиос болсон хүмүүсийн "нэр төрийг цэвэрлэх" тухай засгийн газарт хандсан уриалга бүхий хуулийн төслийг Шотландын Ерөнхий сайд Никола Стержен дэмжсэн байна.

 

Клэр Митчелл КК болон Зои Вендитоцци нарын идэвхтнүүд 2020 оны Олон улсын эмэгтэйчүүдийг хамгаалах эрхийн өдрөөр өргөх бичиг гаргаж, "гэм буруугүй ч цаазлуулсан хүмүүс"-ийг цагаатгах, уучлалт гуйхыг эрх баригчдаас шаардсаны дээр Шотландад "шулам" хэмээн буруутгагдан амиа алдсан хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэхийг уриалжээ. Улмаар энэ оны есдүгээр сарын нэгэнд Парламентын хороо энэ асуудлыг Шотландын засгийн газраар хэлэлцүүлэхийг зөвшөөрсөн байна. 

 

Sunday Times сонины мэдээлснээр, цагаатгах тухай хуулийн төсөл 2022 оны зун гэхэд батлагдах төлөвтэй байгаа гэнэ. Шотландын үндэсний намаас сонгогдсон Парламентын гишүүн Натали Дон энэ үйлдлийг зөв зүйтэй хэмээн нэрлээд "муу үйлдлийг засаж залруулах, эдгээр эмэгтэйчүүдийг цагаатгах ёстой" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Сүсэг бишрэлээс үүдэлтэй шулмын ан Шотландад төдийгүй өөр олон оронд гарч байлаа. Тухайлбал Баруун Герман, Франц, хойд Итали, Швейцар, түүнчлэн хожим АНУ-ын бүрэлдэхүүнд орсон нутаг дэвсгэрүүдэд шулмын ан өрнөж, ид шид хэрэглэсэн хэмээн буруутгагдсан олон мянган эмэгтэйг түүдэг гал дээр шатаах, эсвэл дүүжлэн хөнөөх байдал хэдэн зууны туршид үргэлжилжээ. 

 

Баруунд шулмын ан XVIII зууны төгсгөл үеэр дууссан бол дэлхийн бусад орнуудад ид шид хэрэглэхийг гэмт хэрэг гэж үзсээр байна. Тухайлбал, 2009 онд Саудын Арбат ид шидтэй тэмцэх хэлтэс байгуулагдаж, энэ төрлийн хэрэгт буруутгагдсан эмэгтэйчүүдийг цаазлаж байв. Түүнчлэн Төв Африкийн Бүгд Найрамдах улсад шулам гэж үзсэн эмэгтэйчүүдэд хатуу шийтгэл ноогдуулдаг байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ