ДЭМБ баяраа хойшлуулахыг уриалж, улс орнууд хязгаарлалтын горимд шилжиж байна

img

Энэ онд зул сар болон шинэ жилийн баяруудаа хойшлуулж, омикрон штаммаас хамгаалах нь зүйтэй гэж ДЭМБ мэдэгдсэн. Ийнхүү мэргэжилтнүүд коронавирусийн шинэ штамм болох омикроны аюулаас сэрэмжлүүлж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд шинээр хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн юм. 

 

Хөл хорио эцсийн арга биш

 

ДЭМБ баяр наадмаа хойшлуулахыг уриалсан ч халдвараас сэргийлэх үүднээс өргөн цар хүрээтэй хөл хорио тавихыг дэмжихгүй байгаа юм. Учир нь ийм арга хэмжээ нь эдийн засгийн сөрөг үр нөлөөтэйн дээр сэтгэцийн эрүүл мэндэд таагүй байдлаар нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

 

ДЭМБ-ын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Маргарет Харрис Скай Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа, коронавирусийн шинэ хувилбартай тэмцэхэд хамгийн чухал нь вакцин тариулах гэж онцолжээ. Харин Зул сар, шинэ жилийн баярын тухайд гагцхүү томоохон арга хэмжээнүүдийг хойшлуулах нь зүйтэй гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгдсэн гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

 

Доктор Харрисын үзэж байгаагаар энгийн хүмүүс амны хаалтаа сайтар зүүж, вакцинд хамрагдаж, мөн өрөө тасалгаандаа агаар сэлгэх зэрэг бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг ягштал нь мөрдөх ёстой гэнэ. Мөн вакцин эрсдэлтэй бүлгийн хүмүүс болон бусад хүмүүсийг ч өвчин хүндрэх, нас барахаас сэргийлнэ гэж ДЭМБ-ын мэргэжилтэн үзэж байгаа аж. 

 

Харин хөл хорионы тухайд, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон хөдөлгөөн хязгаарлахад үр дүнтэй байдаг ч бизнес болон хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд томоохон нөлөө үзүүлдэг гэж Харрис мэдэгдсэн байна. Гэвч эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, засгийн газрууд хөл хорионоос өөр арга хэмжээ авах сонголтгүй болох үе олон тохиолддог гэж Харрис мэдэгджээ. 

 

Англи үйлчилгээний байгууллагуудаа дэмжинэ

Их Британид омикрон штамм хурдацтай тархаж байгаа ч одоогоор хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг баярын үеэр авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гараагүй байна. Харин хүнд нөхцөлд зочид буудлын болон зугаа цэнгээний салбарын байгууллагууд ихээхэн алдагдалтай ажиллаж байгаа тул энэ салбарынхныг зул сарын өмнө дахин дэмжихээр болжээ. 

 

Тодруулбал, энэ салбарын байгууллагууд 6000 фунт (shuud.mn: монгол мөнгөөр 20,7 сая төгрөг) хүртэлх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаад авах гэнэ. Ийм тэтгэмжийг 200 мянга орчим байгууллага авна гэж Английн эрх баригчид мэдэгджээ.

 

Төрөөс олгох тусламжийн нийт үнийн дүн нэг тэрбум фунт болж байгаа бөгөөд үүний гуравны хоёрыг зочид буудал, амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад олгох аж. Түүнчлэн музей, театр, жижиг дунд бизнесийн байгууллагуудад нэмэлт санхүүжилт өгөх бөгөөд ингэснээр ажилтнууд нь ковидын халдвар авч ажиллаагүй үед учирсан хохирлыг нөхөн төлж байгаа юм байна.

 

Шотландад шинээр хязгаарлалт тогтоов

 

Британийн бүрэлдэхүүнд байх өөр нэг нутаг дэвсгэр болох Шотланд 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн бүхий л олон нийтийн арга хэмжээг цуцлахаар болсон гэж тус улсын нэгдүгээр сайд Никола Стержен мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, оны сүүлийн өдөр тэмдэглэдэг уламжлалтай Хогманай баярын үеэрх олон нийтийн арга хэмжээ, концерт, томоохон спортын арга хэмжээг цуцлах бөгөөд хязгаарлалт гурван долоо хоногийн туршид үйлчлэх гэнэ.

 

Түүнчлэн дотор орчинд 10-200 хүн цугларахыг зөвшөөрөх бол задгай талбайд 500-аас дээшгүй хүн цуглаж болох аж. Харин шинэ журам нь хурим зэрэг хувь хүмүүсийн зохион байгуулсан арга хэмжээнд хамаарахгүй юм байна.

 

Мөн зул сарын баярын өмнө аль болох гэрээсээ гарахгүй байж, баярын үдэшлэгүүдэд оролцохгүй байхыг сайд уриалжээ. Тэрбээр Шотландад дунд сургуулиудын хичээлийг дахин сэргээх нь гол зорилт болоод байгаа тул халдвараас сэргийлэх үүднээс шаардлагатай арга хэмжээ авахыг иргэддээ уриалжээ.

 

Бусад орнууд

 

Дэлхийн бусад орнууд ч зорчих хөдөлгөөнд дахин хязгаарлалт тавих асуудлыг хэлэлцэж байна. Омикрон штамм Европ, АНУ, Ази, Японд хурдацтай тархаж байгаа юм. Японд гэхэд л омикрон штаммын халдвартай нэг хүн цэргийн бааз дээр 180 хүнд халдвар тараасан байна.

 

Коронавирустэй тэмцэх зорилгоор дэлхийн хамгийн хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн орны нэг болох Шинэ Зеланд  улсын хилээ шат дараатайгаар нээх ажлаа хоёрдугаар сарын сүүл хүртэл хойшлуулсан гэж тус улсын ковидтой тэмцэх сайд Крис Хипкинс мэдэгдсэн байна.

 

Омикрон штаммын халдвар давамгайлж байгаа АНУ-д хязгаарлалт тавих талаарх шийдвэр харааханө гараагүй байна. Энэ улсад шинээр бүртгэгдэж буй нийт тохиолдлын 73 хувь нь омикрон штаммаар үүсгэгдсэн байгаа гэнэ. Түүнчлэн АНУ-д омикрон штаммаас үүдэлтэй анхны нас баралт энэ долоо хоногт бүртгэгдсэн юм.

 

Харин Өмнөд Солонгос, Нидерланд, Ирланд улсууд бүрэн тусгаарлалт болон бусад хязгаарлалтын арга хэмжээг нэвтрүүлсэн, зарим нь нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бол Их Британи, Герман, Португали улс шинэ штаммын халдварыг хяналтад оруулах үүднээс шинээр хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ