Шоколад Бурхдын зоог буюу шоколадны талаарх хачирхалтай баримтууд

img


1. Шоколад — Бурхдын хүнс

 

Энэ зүгээр ч нэг наргиан биш. Какао модны шинжлэх ухаанд тэмдэглэгдсэн нэрийг  theobroma cacao гэх бөгөөд эхний үг  нь латин хэлээс "Бурхдын хүнс" гэж орчуулагддаг аж. Ийм нэрийг 1753 онд Карли Линней өгчээ. 

 

2. Шоколад майя, ацтекуудын валют байсан 

 

Эртний соёл иргэншилд какаог дээд тэнгэрийн гаралтай хэмээн үздэг байсны дээр энэ ургамлыг ургуулахад тун хүнд тул какао модыг эртний Мезоамерикт асар үнэтэйд тооцдог байжээ. Энэ модны үр жимсийг бурхдад тахил болгон өргөх шашны зан үйл, баярын ёслод ашигладаг байсны дээр ийм үр жимс мөнгөний үүрэг ч гүйцэтгэдэг байж. 

 

Тухайлбал, 100 үрээр нэг цацагт хяруул авч болдог байжээ. Какао үнэт валют байсан тул зарим хүмүүс энэ үрийг энгийн нэгэн шавраар ч дуурайлган хийж байсан гэдэг. Тэдгээрийн зарим нь манай үе хүртэл хадгалагдан үлдсэнийг археологичид олж байв.

 

Зөвхөн эрт дээр үед шоколадыг үнэт зүйлд тооцож байсангүй. Тухайлбал, тусгаар тогтнолын төлөөх дайнд шоколад цэргийн хүнсэнд багтдаг байсны дээр зарим үед цалингийн оронд шоколад ч өгдөг байж.

 

3. Нэгдүгээр дайнаас болж цагаан шоколад үүссэн 

 

Дэлхийн нэгдүгээр дайны үед Nestle компанийн өтгөрүүлсэн сүүг фронт дээрх цэргүүдийн хүнсэнд багтаадаг байжээ. Ийм өтгөрүүлсэн сүүг удаан хадгалах боломжтойн дээр хадгалалтын онцгой нөхцөл шаарддаггүй, өлсгөлөнг ч сайн дардаг байсан гэнэ. Харин дайн дуусахад энэ өтгөрүүлсэн сүүний нөөц компанийн агуулахад хангалттай үлджээ.

 

Өтгөрүүлсэн сүү болон хуурай сүүний хадгалах хугацаа дуусахад бүтээгдэхүүнийг муутгахгүйн тулд Nestle компани 1936 онд жор бодож олон, сүүг шоколадны суурь болгон ашиглаж туршсан байна. Ийнхүү туршихдаа орцноос нунтаг какаог хасчээ. Ингээд цөцгийн өнгөтэй зөөлөн амттат амттан үүссэн гэдэг.

 

4. Анхны хавтгай шоколад XIX зуунд үүсчээ

Какаоны үрийг 3,5 мянган жилийн өмнө эртний хүмүүс ашиглаж байсан ч XIX зууны дунд үе хүртэл шоколадыг гагцхүү ууж, эсвэл десертийн орц болгож л ашиглаж байв.

 

Харин 1828 онд Голландын Каспарус ван Хаутен какаоны үрээс тос шахах арга боловсруулснаар өнөөгийн бидний сайн мэдэх хавтгай шоколад үүссэн байна. Гэхдээ ийм хавтгай шоколадууд энэ үйл явдлаас 19 жилийн дараа л дэлгүүрийн лангуун дээр зарагдах болж. 1847 онд анх гарсан шоколадууд нь хар шоколад байжээ. 

 

Харин анхны сүүтэй шоколадыг 1875 онд Швейцарийн Даниель Пщьщо бүтээсэн байна. Тэрбээр шинэ амт хайн, олон орц найрлага туршиж байхдаа Nestle компанийг үүсгэн байгуулагч, танил Анри Нестлегийн бүтээсэн хүүхдийн хуурай сүүн холимогийг шоколаданд нэмсэн байна. Гэвч ингэж гарган авсан бүтээгдэхүүн хурдан муудсан тул Петер жоронд шүүсэн сүү ашиглаж, туршилт нь амжилттай болжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ