Б.Энхбаяр: Байнгын хорооны тогтоолоор төмөр замын хулгайчийн хэргийг цайруулж байгаа юм уу

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус байнгын хороо өнөөдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт, “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаар мэдээлэл сонсох юм байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Шинэ жилийн үеэр УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо нэг асуудал хэлэлцэж, тогтоол гаргасан байна. 2021 оны 12 дугаар сарын 28-ны 06 дугаар тогтоолын хоёр дахь заалтаар Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн бие даан болох бусад этгээдтэй хамтран хөрөнгө оруулж, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг энэ тогтоолын нэг дэх заалтад тусгаснаар хязгаарлаж, тэдгээрийг тус компанийн борлуулалтын орлого болон гадаад, дотоод зах зээлд үнэт цаас гаргах, зээл авах, нүүрс урьдчилан борлуулах зэрэг эдийн засгийн үр ашигтай нөхцөлөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосугай гэсэн байна. Энэ заалттай холбоотой асуудал байна.
Үндсэн хууль, төсвийн хууль ёсоор төрийн өмчийн өмчлөгч нь УИХ. Төсвийг УИХ баталдаг. Төрийн өмчийн компанийн засаглалын асуудал Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудалд багтдаг. Үндсэн хууль зөрчигдөж байна. Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг өөр байнгын хороо хэлэлцэж байна. Энэ тогтоолын төсөлд УИХ-д өргөн баригдаагүй, гишүүдэд тараагдаагүй. Албан ёсоор өргөн барьж, гишүүдэд хоёр хоногийн өмнө тараах ёстой. Хэлэлцүүлгүүд дамжих ёстой. Хэлэлцүүлгийн үе шат явагдахгүй, Үйлдвэржилтийн байнгын хороон дээр тараагдаад, анхны хэлэлцүүлгээр баталж байна.
Бид төмөр замын асуудлыг олон жил ярьж байна. Төмөр замаа барьж чадаагүй нь манай улсын хөгжилд хамгийн их саад болж байна. Төмөр замын хулгайч бол хамгийн том хулгайч. Төмөр зам дээр хэдэн их наяд төгрөгийг хулгайлж, мөнгө угаасан гэж олон жил яригдаж байгаа. Нөгөө хулгайч нь төрийн тэргүүн байж байгаад больчихсон нэг нөхөр гэж яригддаг. Түүнийг төмөр замаас маш их мөнгө угаасан гэж яригддаг.
Тухайн үед тэрийг нь УИХ-аар оруулаагүй. Өмчийн эзэн нь хэлэлцээгүй, зөвшөөрөл аваагүй Тухайн үед 750 тэрбум төгрөгийг бонд босгож байгаа нэрээр шилжүүлж, өнөөдөр яасан нь мэдэгдэхгүй. Улсаараа хохирогч болчихоод сууж байна. Үүнийг нь араас нь зөвшөөрч байна. Байнгын хороо тогтоол гаргаж, энэ гэмт хэргийг нь цайруулж байгаа юм уу. Ингэж болдог юм уу.
УИХ-ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр тогтоолтой зөрчилдөж байна. Үндсэн хууль, УИХ-ын тогтоолтой зөрчилдсөн байнгын хорооны тогтоол гаргасан байна. Тиймээс энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар ярьж байж шийдэх саналтай байна" гэсэн санал гаргалаа.
Түүний саналд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Таньтай санал нэг байна. хууль зөрчсөн асуудлыг хэлэлцүүлэхгүй байх нь байнгын хорооны даргын нэг үүрэг. Хууль зөрчсөн олон асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өрөөндөө оруулахгүй байгаа. Тиймээс манай байнгын хорооноос тойрдог асуудлууд байгаа.
Би Эрдэнэс Тавантолгойн асуудлаар хоёр, гурван удаа дарга нартай нь ам зөрсөн. Манай байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Чуулганаар орох ёстой гэдэгт санал нэг байна. Б.Энхбаяр гишүүний гаргасан саналын дагуу энэ асуудлыг даргын зөвлөлийн хуралд тавьж, хэлэлцүүлье гэсэн хариултыг өглөө.
Үргэлжлүүлэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
Цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч нэмэгдсэн. Мөн 65 000 гаруй ажлын байр алдагдаж, эдийн засаг сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол нэмж 130 гаруй мянган ажлын байр алдах эрсдэлтэй байлаа. Энэ үед Засгийн газар, Монголбанктай хамтран “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталж, өнөөдрийн байдлаар 204 дэх өдрөө хэрэгжүүлэн ажиллаж байна.
Цогц төлөвлөгөөний хүрээнд нийт хүн амын 60 хувийг вакцинжуулах, 3500 ААН, 20 000 иргэнд хөнгөлөлттэй зээл олгож, 120 000 ажлын байрыг хадгалж, эдийн засгийг өсгөх өөдрөг зорилтыг дэвшүүлсэн юм.
2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар эдгээр зорилтуудаа давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, нийт хүн амын 64.5 хувь буюу 2.2 сая иргэнийг вакцины бүрэн тунд хамруулаад байна. Эдийн засгаа сэргээх зорилтын хүрээнд 7883 ААН, 54830 иргэнд хөнгөлөлттэй зээл олгож, 144 000 ажлын байрыг хадгаллаа. Нийт 9657 ААН НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдэж, гүйлгээний баримтын тоо 2020 оноос 5 хувиар өслөө.
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээр эдийн засгийн бодит өсөлт 4.5 нэгж пунктаар сайжирч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2021 оны эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэхээр байна. Төлөвлөгөөний 2021 оны биелэлтэд 89 хувьтай гарсан байгааг танилцууллаа.
Мөн тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” нь 2021-2024 онд хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр боловч өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдийн эрүүл мэндийн хамгаалах, улс орны эдийн засгаа сэргээх түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Засгийн газар үр дүн, хүртээмж өндөртэй энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шаардлагатай нөөц бололцоог дайчлах ажиллана гэдгийг хэллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ