УОК: Хязгаарлалт, хөл хорио тогтоохгүй

УОК 2022 оны анхны хуралдаанаа өнөөдөр хийлээ. Тус хуралдаанаар манай улсад омикрон хувилбар бүртгэгдэж, халдварын дөрөвдүгээр давалгаа эхэлсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Томуугийн тархалт нэмэгдэж, омикрон хувилбар бүртгэгдсэн ч ямар нэг хязгаарлалт, хөл хорио тогтоохгүй гэсэн шийдвэрийг УОК-оос гаргасан байна. Эрдэмтэн, судлаачдын тооцоогоор 01 дүгээр сарын 20-ноос 02 дугаар сарын 10-ны хооронд омикрон хувилбарын оргил үе явагдах бөгөөд энэ өдрүүдэд хоногт 18-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн тооцоолол хийжээ.
Халдварын тохиолдол нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэх учраас гэрийн эмчилгээг голлож, эрсдэлтэй бүлгийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх чиглэл баримталж байна. Иргэдийг олон нийтийг хамарсан арга хэмжээд оролцохгүй байхыг, ААНБ-ыг ажилчдаа цахимд шилжүүлэн, ээлжлэн ажиллуулах чиглэлийг өгч буй аж.
Хоногт илрэх тохиолдлын тоо оны өмнөөс 4 дахин нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 1715 ор, орон нутагт 894 ор дэлгэсэн ч орны ачаалал нэмэгдэж, хүлээлгэ өсөж байгаа. Ойрын хугацаанд нэмэлтээр 1200 ор дэлгэхээр бэлтгэж байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ