Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатараас хариуцлага нэхье

Нэгэн цагт Улаанбаатарын утааг 50 хувь бурууруулсан “баатар” болоод байсан Тавантолгой түлш компанийн захирал М.Ганбаатарт гавьяа зохисонгүй. Түүний удирдсан Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаа яван чангарах бус харин ч улам дордож, нийслэлчүүд буцаад утаандаа угаартаж байна.
Хэн бүхний бодож байснаар бол энэ өвөл Улаанбаатарын утаа бараг л арилах байлаа. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэсэн эхний жилдээ утааг 50 хувиар бууруулж чадсан учраас итгэл найдвар тавьсан хэрэг л дээ. Цөөнгүй хүний амь насыг золиослон байж хэрэгжүүлсэн энэ ажилд нийслэлчүүд тун хүлээцтэй хандаж, нөхцөл байдал илүү сайжирна гэж найдсан. Тавантолгой түлш компани шахмал түлшээ улам боловсронгуй болгож, жинхэнэ утаагүй түлш гаргана хэмээн нийслэлчүүд хүлээсэн. Гэвч сахил хүртээд шал дордов гэгч болов. Энэ өвөл Улаанбаатар дайны дараах хаягдсан хот мэт сааралтаж, иргэд хүхэрт хордож байна. Сайжруулсан түлш түлээд өнгөрсөн жил буураад байсан утаа яагаад энэ өвөл улам ихдэв гэдэгт утаагаар амьсгалж буй бүхэн хариулт хайв. Төрийнхний хариулт бол бэлэн. Энэ байдалд зөвхөн иргэд буруутай. Иргэд хямд үнэтэй түлшийг их түлээд байгаа учраас утаа ихсээд байна. Бас зуух нь муу учраас утаанд нэмэр болдог, бүр салхи гарахгүй байгаа учраас утаа бөөгнөрдөг гэхчлэнгээр бурууг амьтай, амьгүй бусад руу чихсээр өнөөдрийг хүрэв.
Харин одоо бол Улаанбаатарын утаа улам ихсээд байгаагийн шалтгаан тодорхой болж байна. Тавантолгой түлш компани сайжруулсан түлш үйлдвэрлэхдээ технологийн алдаа гаргажээ. Үйлдвэрлэсэн түлшийг хатаахгүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэсэн нь шатах биш уугиж утаа үүсгэн, Улаанбаатарын агаарыг улам бохирдуулж байгаа тухай хэвлэлд бичжээ. Үүнийг Тавантолгой түлш компанийн борлуулагчид ч баталж байна.
Баянзүрх дүүргийн борлуулагчид энэ жилийн сайжруулсан түлш чийг ихтэй, нойтон, тортогтой, утаа их гардаг, хурдан шатаж дуусдагийг хэлж байна. Товчхондоо сайжруулсан түлш чанаргүй болжээ. Өнгөрсөн жилийн түлшнээс огт өөр, чанарын хувьд эрс муудсаныг борлуулагчид хэлж байна.
Тэгэхээр Тавантолгой түлш компанийн түлш үйлдвэрлэлийн технологи, процесс, хольц бүтээгдэхүүнүүдийг судалж, шалгах зайлшгүй шаардлага үүсч байна гэсэн үг. Засгийн газар нийслэлийн утааг сая анзаарч, сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа. Яамд, нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг түлшний стандартыг ч дахин хянах үүрэгтэй. Энэ ажлын хэсэг үнэн зөвөөр ажиллаж, түлшний үйлдвэрлэлд алдаа гарсаныг тогтоовол Тавантолгой түлш компанийн захирал М.Ганбаатар хариуцлага хүлээх ёстой. Нийслэлийн сая гаруй хүн эрүүл мэнд, амь насны асуудал яригдаж байхад хариуцлага алдсан, ажилдаа эзэн болоогүй албан тушаалтан хэн гуай ч байсан хариуцлага хүлээх шаардлагатай.
Салхийг, иргэдийг буруутгаж байгаа төрийнхөн өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Хариуцсан ажлаа мэдэхгүй, хийж чадахгүй байгаагаа буруугаа бусдаас хайхын оронд зайгаа тавиад өгвөл илүү буян болно. Учир нь тэр ажлыг хийх чадвартай, сэтгэлтэй нэгэн байж л таараа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ