УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт алх тогшин анхааруулга өглөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт зориулан лоозонтой иржээ. Тэд ширээн дээрээ “АН-ын бүлгийн ажиллах бололцоог олго”, “УИХ-ын дарга хууль биелүүлэх үүрэгтэй”, “УИХ-ын даргын дарангуйллын төлөөлөл биш”, “Ардчиллаа хамгаалъя” зэрэг бичгийг байршуулжээ.
АН-ын бүлгийн хэсэг гишүүд бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулж, энэ тухай албан бичгээ УИХ-ын даргад хүргүүлж, чуулганы хуралдаанд мэдээлж, албажуулахыг удаа дараа шаардаж буй. Даргаа огцруулснаас болж, АН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаа. Тиймээс УИХ-ын даргыг АН-ын бүлгийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөхийг шаардаж байна.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд “Төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын хэрүүл, маргаанаа намдаа эцэслэн шийдвэрлэ. Албан тушаалын тэмцлээр УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулах хэрэггүй” хэмээн алх тогшин анхааруулга өглөө.
Мөн УИХ-ын дарга АН-ын бүлгийн дотоод асуудлын талаар чуулганы хуралдаанд мэдээлэх боломжгүй, тийм хуулийн зохицуулалт байхгүйг хэллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ