Ж.Чинбүрэн: Бид угийн бичиг хөтөлж байж, цус ойртолтоос сэргийлнэ

Монгол хүний удмын аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг хангах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол өнөөдөр батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хүн судлалын салбар нэлээд хаягдсан. Тиймээс буцаан сэргээж, бодлогын хэмжээнд аваачиж, Монголын хүн амзүй судлалыг илүү институц байдлаар хөгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч байна. Мөн судалгаа шинжилгээг молекул генийн түвшинд хийх заалт орсон.
Үүнээс гадна угийн бичгийг хөтлөх чиглэлд сургалт, соён гэгээрүүлэх ажил хийх ёстой. Бид угийн бичиг хөтөлж байж цус ойртолтоос сэргийлнэ. Цус ойртолтгүй аймаг алга. Хавдар өвчин ч цус ойртолтоос үүдэлтэй удамшлын чанартай байна. Энэ чиглэлээр томоохон лабораторитой болох чиглэлийг өгч байна.
Олон хүүхэдтэй гэр бүлийг хэрхэн дэмжих бодлогыг Засгийн газар боловсруулж, УИХ-д танилцуулах чиг үүргийг өгч байна. Олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлогыг хуульчилж, төсөвт тусгах чиглэлийг өгч байна” хэмээн тогтоолын талаар танилцууллаа.
Удамшлын 6000 гаруй өвчин байдаг аж. Үүний 2000 гаруй нь элбэг тохиолддог байна. Тухайлбал, сэтэрхий тагнай, уруул, ураг амьгүй төрөх, оюун санааны хоцрогдол зэрэг нь цус ойртолттой холбоотой гэдгийг Ж.Чинбүрэн гишүүн хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ