Буурай хөгжилтэй орнууд хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж чадсаны үр дүнд хөгжилд хүрсэн
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөлд санал авч байгаа юм байна. Дэлхийн улс орнуудын туулж ирсэн туршлага, сургамжаас харахад тухайн улс орон хөгжил дэвшилд хүрэх урт болон дунд хугацааны бодлогоо зөв дэвшүүлж, бодитой төлөвлөснөөр хувийн хэвшил, ард иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл, тэмүүлэх зорилго нь тодорхой болдог байна. Буурай хөгжилтэй орнууд богино хугацаанд хөгжилд хүрч чадсан сургамж нь хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө хувийн хэвшил, иргэд, төр нь нэгдмэл хүчин чармайлт гаргасны үр дүн байдаг ажээ. Эдийн засаг өөрийнхөө жамаар хөгждөг гэсэн үзэл номнолоор хөгжсөн улс орнууд асар их хугацаа зарцуулж (200-300 жил) өнөөгийн хөгжилд хүрсэн байдаг. Макро түвшний болон дэд бутэц, аж үйлдвэрийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг бий болтол төр нь нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэн улмаар түүнээс хойш чадавхижсан хувийн хэвшил болон томоохон корпорациуд нь улс орны эдийн засгийг авч явдаг нь олон орны туршлагаас нэгэнт тодорхой харагдаж байна. Энэ үед төлөвлөлт нэн чухал биш болж төр нь зөвхөн төсвийн бодлого, санхүүгийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулдаг болдог байна. Япон, ХБНГУ, БНСУ, ОХУ, БНХАУ, Малайз зэрэг эрчимтэй хөгжиж буй болон хөгжингүй орнуудад эдийн засгийн төлөвлөлт болон төсвийн бодлогыг зааглаж, эдийн засаг, хөгжлийн төлөвлөлтийн бодлогыг, уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг. Эдгээр орны жишгээр хөгжлийн бодлого, төлөвлөлт болон төсвийн бодлогыг тусгайлсан хуулиар хоёр өөр субьектэд хариуцуулсан байдаг. Өнөөгийн манай хөгжлийн түвшин, хэрэгцээ шаардлага, зах зээлийн нийгэмд шилжин орсон 20 жилийн туршлага, алдаа, оноон дээр үндэслэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын нэгдмэл байдлыг хангах, эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлийн өөрчлөлтийг тухай бүр нь судлан хөгжлийн бодлогод шуурхай тусган хэрэгжүүлэх, төв болон орон нутгийн хөгжил, салбарын хөгжлийн төлөвлөлтийг хооронд нь болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, эдийн засгийн төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 2009 оноос эхлэн боловсруулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд эдийн засагч, эдийн засгийн байгууллагад ажиллаж байсан ахмад ажилтнууд, эрдэмтэн судлаачид, өндөр хөгжилтэй орнуудад сурч байсан болон мэргэжил дээшлүүлсэн залуу боловсон хүчнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгуулав. Мөн орон нутгийн болон салбар яамдын ажилтнуудаар хэлэлцүүлж, энэ бүхэн дээр гарсан тэдний саналыг тусгалаа. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуультай болсноор дараахь эерэг үр дүн гарна : - Монгол Улсын эдийн засгийн бодит нөөц, хүчин чадал, судалгаа шинжилгээнд тулгуурласан урт хугацааны төсөөлөл, дунд хугацааны эдийн засгийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх арга механизмыг хөгжлийн үе шат бүрийн онцлог, гадаад дотоод хүчин зүйлийн өөрчлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ. - Хөгжлийн үе шат бүрд тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, түүнд хөрөнгө санхүү, зээл тусламж, ажиллах хүч, материалын нөөцийг үр ашигтай чиглүүлэх боломж бүрдэнэ. Өнөөдрийн эрх зүйн тогтолцооны хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын дүнд оруулж тооцохгүй байгаа гадаадын зээл тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн зүгээс хийгдэж буй хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны төлөвлөлтөд оруулж тооцох, бодлогын хүрээнд зангидах боломжтой болно. - Хөгжлийн бодлого, төлөвлөлт болон төсөв боловсруулалтын чиг үүрэг зааглагдаж, төрийн байгууллагын тогтолцоо боловсронгуй болно. - Үндэсний хэмжээний болон бүс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хоорондын уялдааг хангаж, бодлогын цогц нэгдэл болгох, хэрэгжилт, үр өгөөжийг үнэлэх, тайлагнах, хяналт шинжилгээ хийх тогтолцоо тус тус бий болно гэж үзэж байна. - Жилийн Үндсэн чиглэл, хөрөнгө оруулалт, төлөвлөлт мэргэжлийн чиг хандлагатай болно. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын залгамж чанар, хоорондын уялдаа, тасралтгүй байдлыг хангах замаар төлөвлөлтийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх боломжтой болно. Тиймээс улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны төлөвлөлтийн тогтолцоог шинээр бий болгох суурь хууль болох энэхүү төсөлд саналаа өгснөөр улс орныхоо хөгжилд иргэн таны оруулах хувь нэмрийн нэг хэсэг болно гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Хуулийн төсөлд өгөх саналаа Засгийн газрын II байр, А корпус,ҮХШХ-ны байр, 214 тоот өрөөнд хүргүүлж болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ