А.Адьяасүрэн: Тэтгэвэр авагч ахмадууд нэн ядуу байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн, Ц.Туваан нар тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хуулийн төслийг өргөн барьж буй талаараа мэдээлэл хийлээ. “Монголбанк, Засгийн газар эдийн засгийг буруу удирдаж, инфляци өсвөл дагаад тэтгэвэр нэмэгдэх зарчимтай хуулийн төсөл өргөн барьж байна. Ямар хэмжээний инфляци бий болно тэр хэрээр дараа оны 01 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр тэр хувиар өсөх ёстой. Жишээ нь, 2021 онд нийслэлийн инфляци 14.8 хувиар өссөн. Тэгэхээр 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр 14.8 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.
Хонины мах 2018 онд 5210 төгрөгийн үнэтэй байсан. 2022 онд 10 150 төгрөг болж, 98 хувиар өссөн байна. Гэтэл тэтгэвэр 270 000 төгрөгөөс 300 000 болж, дөнгөж 10 хувиар өссөн байна. Тиймээс инфляци дагаж тэтгэвэр нэмэгддэг хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулахаар саналаа өгсөн”-өө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн “Насаараа зүтгэсэн ахмадуудын тэтгэврийг төр үнэгүйдлээс хамгаалах үүрэгтэй. Монгол Улсад тэтгэврийн насны 423 000 өндөр настан байгаагийн 80 хувь нь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Ахмадууд туйлдаж байна. Дэлхийн банкны тооцоогоор өдрийн орлого нь 1.5 ам.доллар хүрэхгүй бол нэн ядуу гэсэн ангилалд ордог юм байна. Манай тэтгэвэр авагчид нэн ядуу ангилалд орж байна. УИХ, Засгийн газар ахмадуудыг анхаарахгүй байгаа учраас бид хуулийн төслийг өргөн барьж байна” гэдгийг хэллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ