Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн үнэ буурчээ

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ, ГХЯ, Боомтын зөвлөл хамтран мэдээлэл хийлээ.
ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга "Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж БНХАУ-ын талаас аравдугаар сарын 13-наас хилээр нэвтрэх ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон. Арваннэгдүгээр сарын сүүлээр БНХАУ-ын талаас ачаа тээвэрлэлтийг чингэлэгийн горимоор зохион байгуулах саналыг манай талд тавьсан юм. Тэр дагуу хоёр тал өөр өөрсдийн талд бэлтгэл ажлыг хангуулсан. Ингээд чингэлэг тээвэрлэлт эхлээд долоо хонож байна.
Ерөнхий сайдын захирамжаар экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх, боомтуудыг шуурхай зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан. Энэ ажлын хүрээнд дэд ажлын хэсэг байгуулагдаж боомтуудыг удирдлага чиглэлээр хангаж, ажиллаж байна. Тээвэрлэлт зохион байгуулалтын хувьд хилийн "0" цэгээс чингэлгийг Зэвсэгт хүчний жолооч нараар тээвэрлэлтийг хийж байгаа. Энэ нь Засгийн газраас зохион байгуулж буй ажил. Логистикийн төвөөс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг монголын жолооч нар хийж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэр хийхэд жолооч нарт нээлттэй.
Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн үнэ 3-3.5 сая төгрөг болж ханш буурсан" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ