Л.Оюун-Эрдэнэ: Нэг ч өдөр ажиллаагүй сайдыг гоочлоод яахав ээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдыг чөлөөлөх, шинээр томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулгадаа
БОАЖ-ын сайд Н.Уртнасан нь Засгийн газрын болон холбогдох хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнд хүрээгүй, Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан шалтгаанаар БОАЖ-ын сайдын үүрэгт ажлаас огцруулж байна.
Засгийн газрын гишүүний ор гарсан тохиолдолд Ерөнхий сайд Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж нөхөн томилно гэж заасны дагуу БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилохоор танилцуулж байгааг дурдлаа.
Шинэ томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Утаатай холбогдуулан яамны удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байгаа нь зөв зөрчим. Сайд нь огцроод дэд сайд, ТНБД нь үлддэг зарчмыг цаашид халах ёстой.
Утааны асуудалд ямар байр суурьтай байна вэ? Энэ жил утаа ихэссэн нь сайжруулсан түлшний үйлдвэрлэлд технологийн алдаа гаргаж, уугилт ихтэй байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ. Ирэх жил утааг яах вэ, дахиад утаатайгаа байх уу?
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ: 2019, 2020 онд утаа 50 хувь буурсан. 2021 онд Тавантолгой түлш компанид техникийн шинэчлэл хийгдээгүй. Үйлдвэрлэлийн талд голчлон анхаарч, чанар, стандартыг сайжруулах ажил хийгдээгүй. Тиймээс цаашид чанарт маш сайн анхаарах ёстой, Тавантолгой түлш технологийн шийдлээр маш сайн ажиллах ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Пиараа багасгаж, ажлаа хийгээрэй, дарга минь. Таны пиар их шүү. УИХ-д ажлаа тайлагнадаг шүү. Сошиал, пиараар ажлаа явуулвал иргэдэд хүлээлт их бий болно. Хүлээлтээ давахгүй болохоор асуудал үүсдэг. Утааг багасгадаг гаргалгааг гаргасан. Үүнийг үргэлжлүүлж, дуусгах хэрэгтэй. Утаанаас гадна байгаль орчныг хамгаалах олон асуудал байгаа. Өмнөх сайд асуудлаа олон талаас нь хараад гүрийгээд ажилладаг байсан шүү. Тэр хүний эхэлсэн ажлыг үргэлжлүүлэх ёстой. Пиар, ам, яриагаа багасгаж, ажлаа сайжруулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Удирдлаганд чинь ажиллах хүмүүс их будилаантай юм байна лээ шүү. Өөрөө явж, бодит мэдээлэл авч, ажлынхаа гүнд орж ажиллаарай. Ард иргэдийг доромжилж, өөрийнхөө ажил албыг авч үлдэх гэсэн аргаа барсан хүмүүсийн үгэнд итгэж болохгүй шүү.
Зөвхөн утаа биш хөрс, ундны усны эх үүсвэрийн бохирдол их байгаа. Туул гол дагуу буусан амралтын газруудыг зайлуулахгүйгээр Улаанбаатар хотын ундны усны асуудлыг шийдэхгүй. Ус, ойн сан бүхий газруудыг хөрш орны шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага бий. Мөн дархан цаазат газар нутаг, тусгай хамгаалалттай газар нутгаа анхааралдаа аваарай. Улстөрчид болон ашиг сонирхолтой хүмүүс нүүлгэнэ, татан буулгана, тусгай хамгаалалтаас гаргана гэсэн асуудлыг БОАЖ-ын сайд ярьж болохгүй шүү. Тусгай хамгаалалттай газар нутгаа өргөтгөхөөс багасгаж болохгүй. Байгаль орчны сайд байгаль орчноо хамгаалахад онцгой анхаараарай.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Мэргэжлийн сайдууд салбар удирдахдаа урт хугацаанд амжилт гаргана. УИХ дээр сайд асуудал танилцуулахад хэргээр унагадаг, шоглодог. Гаднаас сайд томилоход ийм байдаг гэдгийг УИХ-ын гишүүд хийгээд байна. Энэ нь өөрсдөө “давхар дээл”-тэй болох санаатай холбоотой. Ерөнхий сайд танд дан дээлтэй сайд нартай ажиллахад ямар байна вэ? Давхар дээлтэй сайдтай ажиллавал ямар давуу тал бий болох вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Асуудлаа нийгэмд ойлгуулах, парламентад авч гарахад мэргэжлийн сайд нар жулдах тохиолдол байдаг. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Үнэхээр сэтгэлтэй, чадлаараа ажлаа хийж байгаа. Гэхдээ салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, улс төрд өөрийгөө илэрхийлэх, асуудлаа зоригтой шийдэхэд сул тал байгаа. Тойрог руугаа алга болчихгүй давуу тал байна. Томилгоонд нутгархахгүй давуу тал байна. Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах ёстой.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Сайд солих амархан. Сайд хийж чадах хүнээ зөв сонгож, оруулж ирмээр байна. Сайдын босго их намхан болсон байна. Цаашид үүнийг анхаараарай. Сайдыг мундаг, боловсролтой хүмүүс хийдэггүй. Иргэнээ нэгд тавьсан, сэтгэл зүтгэлтэй хүн л хийдэг. Тендер идэх гэж, шонхор шувуу зарах гэж, иргэнээ буруутгах гэж сайд болдоггүй. Ард түмний амьдралыг сайжруулах, утааг арилгах гэж сайд болдог. Сэтгэл зүрх гаргаад өг л дөө. Сонин хүмүүс сайд болж байна даа.
Энэ залуу хүнд хэлье. Хоосон пиар битгий хийгээд бай, сошиалаар битгий ажилла. Хүний үг сонс, мэддэг чаддаг хүнийг авч ажиллуул.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн Ерөнхий сайд байгаагүй мэт үг хэлэх нь ёсзүйд нийцэхгүй. Миний хувьд улс төр унтаж байна. Цар тахалтай байна, хил хязгаар амаргүй байна. Өр тавьсан асуудал хүнд байна, өрийг ирээдүйд ард түмэн төлнө гэж таны хэлсэн үгнээс болоод өнөөдөр маш хүнд нөхцөл байдалд байна гээд улстөржвөл чадна. Засгийн газар иргэдийн төлөө ажиллаж байгаа. Би өмнөх нэг ч Ерөнхий сайд буруутгасан үг хэлж байгаагүй. Учир нь эхлүүлсэн ажил явах ёстой, улстөржихгүй байх ёстой, том төслүүд эхлэх ёстой. Таны үед эхлүүлсэн төмөр замын тогтоол хэрэгжээсэй. Нэг ч өдөр ажиллаагүй сайдыг гоочлоод яахав ээ. Боломжийн гэж бодсон сайдаа оруулж ирж байна. Улстөржихдөө хэмжээ хязгаартай байх нь зөв болов уу.
Ийн УИХ-ын гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд болон нэр дэвшигчээс хариултаа авлаа. Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, Ерөнхий сайд томилгоог хийх юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ