Э.Баасантогтох: Бар жилийн зурлага ард түмэн, ноёд хоорондоо эвтэй байхыг сануулж байна
Ирж буй “Сайжруулагч” хэмээх Усан бар жилийн өнгө, засал номын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гадаад харилцааны албаны лам Э.Баасантогтохтой ярилцлаа.
Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Ирж буй бар жилийн өнгө, зурхайн зурлагад хэрхэн буусан талаар яриагаа эхэлье?
-XXVII жарны “Сайжруулагч “хэмээх усан бар жил гарах гэж байна. Жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар тодорхойлдог.
Шороон үхрийн шинжээр нь үзвэл дөрвөн шийр, толгой нь хөх, бие нь ногоон, хоёр чих, эвэр, сүүл нь шар өнгөтэй байна. Үхэр хариулаач нь шар дээл, ногоон бүстэй, унгасан шилбүүртэй идэр залуу үхрийнхээ баруун талд яваагаар дүрслэгджээ.
Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал дөрвөн улирлын эхэнд хур ус ихтэй байна. Тиймээс хүйтэн болоод бадган өвчин дэлгэрэх нигууртай. Үхэр хариулаач нь залуу хөвүүн учир залууст их сайн бол нялхас, хүүхдүүдэд дунд зэрэг, өтгөс буурлуудад ширүүн жил болно. Тиймээс иргэд хувцас, хоол хүнсээ тохируулж хэрэглэх хэрэгтэй.
Үхэр хариулаач нь унгасан шилбүүр барьсан нь ард түмэн ноёд хоорондоо эвтэй байхыг сануулж, захиж байгаагийн шинж. Ерөнхийдөө энэ жилийн хувьд маш сайхан жил болно. Дэлхий нийтээр энх амгалан байна.
Энэ жил наран Загас, хонь, мэлхий, Жинлүүрийн ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн, байрлах үед сайн. Хумх, Хамтатгах, Арслан, Охин, Хилэнц, Нумын ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлууштай. Үхэр, Матрын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштай.
Бар жилтнүүдийн маань жил нь орж байна. Тэд юуг анхаарч, ямар засал ном хийлгэх хэрэгтэй вэ?
-Энэ жил бар жилтэй хүмүүсийн жил нь орж байна. Жил орж байгаа хүмүүс хийж буй үйл хэрэг, эрүүл мэнд, сэтгэл санаандаа анхаарах ёстой. Гандан хийдэд засал номоо уншуулах хэрэгтэй. Чойжилын дүгжүү, сан, даллага, Гурван гүрэм тэргүүтэй номнуудыг уншуулах шаардлагатай. Мөн бич жилтэй хүмүүсийн харш жил гарч байна. Тиймээс бич жилтэй хүмүүс үйл хэрэг, биендээ анхаарвал зүгээр.
Ер нь бар жил Монголчуудад хэр ээлтэй вэ?
-Жил болгон Монголчуудад ээлтэй байдаг. Энэ жилийн хувьд нийт улс даяараа амгалан сайхан байна.
Бар жилд юу хийж болох, болохгүй үйл гэж бий юу?
-Цээрлэх зүйл бий. Айл гэр дотроо хэрүүл тэмцэл хийх зэрэг муу зүйлийг цээрлэх ёстой. Иргэдийн дунд бар жилд хурим найр хийх, бэр гуйх ёс үйлдэж болохгүй гэсэн яриа байдаг. Дээрх үйл хэргийг үйлдэж болно. Тухайн хүний сайн сар, өдөр, цагийг сонгоод үйл хэргээ хийж болно. Ямар ч жил гарсан муу үйлийг тэвчиж, сайн үйлд шамдах нь зөв.
Энэ жил ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх шаардлагатай вэ?
-Жил нь орж байгаа болон мэнгэ нь голлож байгаа хүмүүс онцгойлон засалтай. Засал нь Чойжилын дүгжүү, Догсом, сан сайн тавиулах ёстой.
Жилийн засал номыг хэднээс хэдний хооронд хийлгэх ёстой байдаг вэ?
-Жилийн засал номыг шинийн нэгнээс шинийн 15-ны хугацаанд хийлгэвэл зүгээр байдаг. Учир нь шинийн нэгнээс 15 хүртэл сар илүү тод, тунгалаг гэрэлтдэг. Тиймээс шинийн 15-ны дотор буюу сар хуучрахаас өмнө засал, ном хийлгэвэл сайн. Шинийн 15-ны дотор засал ном элдэв сайн үйл хийвэл хэдэн сая дахин арвиждаг. Мөн иргэд маань засал номоо хийлгэсний дараа буян сайн үйлдэх хэрэгтэй.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ