Сурвалжилга: Цагаан идээгээ борлуулаад сар шинийн бэлтгэлээ базааж аваад нутаг буцна

“Заа бүтээгдэхүүнээ амсаж үзээд аваарай, энэ хэд вэ, чихэртэй, чихэргүй гэж байгаа юу” гэсэн асуулт хөглөрөх энэ хэсэг газар бол Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа. Тодруулбал, Тусгаар тогтнолын талбайд “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа болж байгаа нь энэ. Архангай аймгийн 19 сумын малчид, цагаан идээ үйлдвэрлэгчид олон төрлийн цагаан идээ бүтээгдэхүүнээ борлуулахаар иржээ. Ингэхдээ сум сумаараа асарт байрлаж, бүтээгдэхүүнээ борлуулж байлаа.
Тус үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 15-наас 30-ны хугацаанд болох аж. Иймд цагаан идээний үнэ ямар байгааг сурвалжлахаар Тусгаар тогтнолын талбайг зорилоо. Өдрийн 15.00 цагт манай сурвалжлах багийг очиход Ихтамир, Чулуут, Цахир, Өндөр-Улаан, Хангай, Тариат зэрэг сумдын төлөөлөл бүтээгдэхүүнээ борлуулж байсан юм.
Цагаан идээ боломжийн үнээр борлуулагдаж байна
Архангай аймгийн Цахир сумын иргэн Б.Очирбат:
-Архангай аймгийн хамгийн арын сум болох Цахир сумаас цагаан идээний үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн. Сарлагийн цагаан идээ, сүү, аарц, шар тос, зөөхий, чихэртэй, чихэргүй ааруул зэрэг бүтээгдэхүүнүүдтэй ирлээ.Бүтээгдэхүүний үнэ өмнө жилийнхээс өссөн. Өнгөрсөн жил сүү 4000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ жил 4500 төгрөг болсон. Аарцны үнэ 1000-2000, шар тосны үнэ 3000-4000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ерөнхийдөө үнийн өсөлт бол зөв зүйл. Малчид маань өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөж хийсэн цагаан идээгээ хэрэглэгчдээ хүргэж байгаа учраас Архангайн цагаан идээ боломжийн үнээр худалдаалагдаж байгаа гэж бодож байна.
Цагаан идээ худалдан авч байгаа хүмүүс ч сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ хэрэглэгчид чанаргүй бүтээгдэхүүн авсаар байгаад хаширсан байна. Жишээлбэл, сүү авах гэж буй худалдан авагч эхний ээлжинд 1 литр сүү авч цайгаа чанаж уугаад, таалагдвал маргааш ирж авна гээд явж байна. Ингээд манай бүтээгдэхүүн чанартай учир маргааш нь ирээд авч байгаа.
Иргэд өчигдрөөс мэдээлэл авах шиг боллоо. Худалдан авалт сайн байна. Архангайн Цахир сум нийслэлээс 700 гаруй км байдаг.
Үзэсгэлэн худалдаанд 1 тонн цагаан идээтэй ирсэн
Архангайн Чулуут сумын малчин Г.Түмэндэмбэрэл:
-Чулуут сум Улаанбаатараас 630 километрийн зайтай. Үзэсгэлэн худалдаанд Зөөхий, шар тос, ааруул, ээзгий зэрэг олон нэрийн бүтээгдэхүүнтэй ирсэн. Зарим иргэд нь шууд худалдан авч байна. Зарим нь цалин, тэтгэврээ буухаар авна гээд бүтээгдэхүүний үнэ асуугаад буцаж байгаа. Малчид бидний хувьд боломжийн үнээр цагаан идээгээ худалдаалж байгаа гэж бодож байна. Манайх 1 тонн цагаан идээтэй ирсэн. Өнөөдрийн байдлаар 600 кг бүтээгдэхүүн зарсан байна.
Ааруул: 20.000-25.000 төгрөг
Шар тос: 25.000-30.000 төгрөг
Тогооны өрөм: 20.000-25.000 төгрөг
Зөөхий: 20.000-25.000 төгрөг
Иргэдийн худалдан авалт сайн байна
Архангайн Тариат сумын малчин М.Отгонбаяр:
-Архангайн Тариат сум нийслэлээс 700 гаруй километрийн зайтай. Манайх үзэсгэлэн худалдаанд оролцохоор сарлагийн сүү, ээзгий, зөөхий, өрөм, цагаан тос зэрэг нэр төрлийн 400 кг бүтээгдэхүүнтэй ирсэн.
Сарлагийн сүү: 5.000 төгрөг
Ээзгий: 18.000 төгрөг
Зөөхий: 25.000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа.
Иргэдийн худалдан авалт сайн байна. Манай бүтээгдэхүүний 50 хувь нь борлуулагдсан байна. Цагаан идээгээ борлуулаад цагаан сарын бэлтгэлээ базааж аваад нутаг буцна./инээв/
ХУД-ийн иргэн Ц.Долгор:
-Сар шинийн баярын тавганы ааруул цагаан идээгээ аваад явж байна. Бүтээгдэхүүний зарим нь үнэтэй, зарим нь гайгүй хямд байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Г.Сүрэн:
-Үзэсгэлэн худалдаа гарч байгаа талаар зар хараад ирсэн. Ааруул, сүү авлаа. Амттай сайхан бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байна. Малчдын гар дээрээс чанартай бүтээгдэхүүн амсаж үзээд авч байгаа болохоор их таалагдлаа.
Баянзүрх дүүргийн иргэн Х.Баатар:
-Цагаан сарынхаа тавганы бүтээгдэхүүнийг авлаа. Цагаан идээнүүдийн үнэ өссөн байна. Гэхдээ малчдын гар дээрээс сайн бүтээгдэхүүн авлаа.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ