Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй уулзаж, сөгдөж гуйя

Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Номгон сумын иргэдийн төлөөлөл өнөөдөр /2022.01.24/ хэвлэлийн хурал хийлээ. Тэд Өмнөговь аймгийн Цагаан дэл уул орчмоор гурав дахь боомт нээхийг эсэргүүцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг малчид, иргэдийн үгийг сонсохыг хүслээ.
Өмнөговь аймгийн хоёр боомтоор Монголын баялгийг хангалттай зөөж байгаа. Хилийн хоёр боомт орчимд Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрх зөрчигдөж байгааг тэд хэлж байна.
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэн Насанжаргал “ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн гарын үсэгтэй бичгээр орон нутгийг минь хүчээр булааж авах гэж байна. Манай нутгийн удирдлагууд малчд, ард иргэдтэйгээ хүсэл зорилго нэг байгаа. Энэ бол говьчууд бидний нийтлэг эрх ашиг.
Өмнөговь аймгийн Хүрмэн суманд Эрдэнэбулганы уурхай, Тулгын уурхай, Таван сухайн уурхай, Зурамтайн уурхай, Хатан суудлын уурхайд бас уурхай бий. Бүгд нүүрсний уурхай. Энэ бүхэн ажиллахаар Хүрмэн сумын малчин хаана амьдарч, мал хаагуур бэлчих нь тодорхойгүй болно. Усны хоёр эх үүсвэр, 33 төрлийн хөхтөн амьтан, 88 төрлийн ургамал устаж үгүй болно. Энэ бүхэн Монгол Улсын стратегийн том ордууд биш.
Өмнөговьд гашуун жишээ бий. Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтын нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа билээ? Цэвэр экологийн дайн болж байна. 10 алхмын цаана байгаа Хятадын боомт ямар байгаа билээ” гэдгийг хэлж, араас нь Хүрмэн сум орох гээд байгааг сануулж байна.
Гурав дахь боомт нээгдвэл Борзонгийн говь устаж үгүй болж, хоёр бөхт тэмээ бэлчээрлэх нутаггүй болно. Тиймээс Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй уулзаж, тооцоо судалгааг дахин хийж, шийдвэрийг эргэж харахыг сөгдөж гуйхаа нутгийн иргэд илэрхийлж байна.
Мөн тэд ҮАБЗ, Засгийн газраас ажлын хэсэг гарч, орон нутгийн нөхцөл байдлыг очиж үзэн, судлах, 2014 оны Шинэчлэлийн Засгийн газрын боомт нээх тухай шийдвэрийг хүчингүй болгох хүсэлтийг тавих аж.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ