АНУ Хойд Солонгост шууд хэлэлцээ хийх санал тавилаа

БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн асуудлаар урьдчилсан болзолгүйгээр шууд хэлэлцээ эхлүүлэхийг АНУ Хойд Солонгост хандан уриалжээ. Энэ талаар Америкийн захиргааны өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлсэн бөгөөд тэрбээр нэрээ нууцалсан талаар NBC дамжуулсан байна.
"Нухацтай хэлэлцүүлэг эхлэх нь цагаа олсон, нэн зөв зүйтэй алхам гэж бид үзэж байна" хэмээн албан тушаалтан мэдэгдсэнийг хэвлэлийнхэн иш татан мэдээлжээ.
БНАСАУ ням гаригт дунд тусгалтай баллистик пуужин хөөргөсний дараа ийнхүү АНУ санал гаргасан байна. Энэ удаад пуужин харвасан нь 2022 онд БНАСАУ-ын хийсэн долоо дахь удаагийн туршилт юм. Пхеньян пуужин хөөргөснөө баталсаны дээр туршилтын үеэр "Хвасон 12 пуужингийн аюулгүй байдал, үр дүнг баталгаажуулсан" хэмээн цохон тэмдэглэжээ.
Ням гаригт хийсэн пуужингийн туршилтын дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Үндэсний аюулгүй байдлын хурлыг зарлан хуралдуулж Хойд Солонгос 2018 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн анхны уулзалтынхаа үеэр цөмийн болон пуужингийн туршилтаас татгалзана гэж амласнаа зөрчихөд ойрхон байгааг онцолсон байна.
Харин АНУ Хойд Солонгосыг алсын тусгалтай пуужингийн туршилтуудаа сэргээж болзошгүй хэмээн үзэж байгаа бөгөөд хоёр талын асуудлуудыг хэлэлцэх хэлэлцүүлэг хийхэд бэлэн байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ