
Нийслэлийн удирдах ажилтаны шуурхай хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Нийслэлийн бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр цахим үнэмлэхтэй холбоотой мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Одоогийн байдлаар 16 наснаас дээш 816 мянган иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Энэ арга хэмжээнд орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутан, хугацаат цэргийн албан хаагч, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд бүгд хамрагдсан” гэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 600 мянган бичиг баримтын зөрчил илрүүлсний тал хувь нь нийслэлийн харьяат иргэдийн бичиг баримтын зөрчил байжээ. Харин ирэх хоёрдугаар сарын эхээр хэвлэлтээс гаргах цахим үнэмлэх олон улсын стандартад нийцсэн байна.
Монгол Улсын төрийн билэг тэмдэг, далбаа, соёмбо, газрын зураг зэргийг байршуулсны зэрэгцээ гал, нар, сарыг дүрсэлснээрээ онцлогтой ажээ. Цахим үнэмлэх дээр байрлуулсан чип дээр тухайн хүнтэй холбоотой мэдээллийн санг байршуулж өгсөн байна.
Эхний удаад тус үнэмлэхийг хороогоор дамжуулан иргэдэд үнэгүй олгох юм байна. Харин үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд дахин олгоход 10 мянган төгрөг төлж авах ажээ.
Харин хуучин үнэмлэх дээр хаягийн бүртгэл хийлгэхэд үнэмлэх дээр шинэ хаягийг нь наадаг байсан. Тэгвэл шинэ цахим үнэмлэхний тухайд шилжилт хөдөлгөөн хийх бүртээ шинэ үнэмлэх авч байх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ