Хөгжлийн банкны зээлдэгчдийн үл хөдлөх хөрөнгө, дансыг битүүмжилжээ
2022-02-10

Хөгжлийн банкнаас хугацаа хэтэрсэн, чанаргүй 52 зээлийг шалгуулахаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр АТГ-т ханджээ. АТГ-аас уг асуудлаар мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулж,  мөрдөн шалгах ажиллагаа явуулж буйг өнөөдөр мэдээлэв.

 

 

Мөрдөгчид чанаргүй 52 зээлийг:

 

-Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн журам, бодлогод нийцүүлсэн эсэх

-Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээлдэгчдэд давуу байдал бий болгосон эсэх

-Албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан эсэх

-Төрд хохирол учруулсан эсэх зэрэг чиглэлээр шалгаж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд

 

  1. Зээлийн зарцуулалтыг шалгаж, зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд гэрээг цуцлуулах, зээлийг эргэн төлүүлэх

  2. Зээлдэгч компани болон хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг хязгаарлах

  3. Зээлдэгч ААН-үүдийн эцсийн өмчлөгчийг тогтоох, эздийн нуугдмал хөрөнгийг тогтоон, битүүмжилж, төрд учирсан хохирлыг барагдуулах юм байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, 1 үйлдвэрийн барилга, 1 лиценз, 13 дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан гэдгийг Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин