
Улсын хэмжээнд нийт 216 өрхийн эмнэлэг байдгаас 123 нь нийслэлд байрлаж, 1.7 сая хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Өнгөрсөн онд өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг чанаржуулж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна гэж Эрүүл мэндийн тухай хуульд заажээ.
Мөн өрхийн эмнэлгийн эмч ажилчдын нийгмийн халамж үйлчилгээнд илүү анхаарах болсон байна. Тухайлбал, өрхийн эмнэлэгт 3-аас дээш жил ажилласан хүнд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах, таван жил тутамд улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх зэрэг олон заалт оруулж өгчээ.
Харин өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтануудын харьцаа хандлагыг сайжруулах зорилгоор ЭМЯ, АХБ хамтран “Өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудын харьцаа хандлагыг өөрчлөх замаар зөвөлгөө өгөх, ур чадварыг эзэмжүүлэн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” туршилтын загвар төслийг 3 дүүргийн 10 хороонд хэрэгжүүлж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, АХБ, ЭМЯ хамтран “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн хүрээнд эмзэг бүлгийн хүн амд зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өрхийн эмнэлгүүдэд хийж гүйцэтгэх юм байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ