Анна Щербакова: Би сандраагүй, зүгээр л сэтгэл хөдлөл дуусчихсан

Хоёрдугаар сарын 18-нд Бээжин хотноо уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн ялагчдад медаль гардуулах ёслол боллоо. Энэ төрөлд алтан медалийн эзэн болсон Оросын уран гулгагч Анна Щербакова сэтгэгдлээ сэтгүүлчидтэй хуваалцжээ.
Тэрбээр медалийг маш хүнд юм хэмээн өгүүлсэн байна. "Амьдралдаа авсан хамгийн хүнд медаль юм" хэмээн өгүүлсэн байна.
Өдгөө 17 настай уран гулгагч Анна шагнал гардуулах ёслолын өмнө дасгалжуулагч Этери Тутберидзетэй уулзсан хэмээн өгүүлжээ. Анна түүнд талархал илэрхийлсэн бол дасгалжуулагч нь шавьдаа баяр хүргэсэн байна. Түүнчлэн ганцаарчилсан төрлийн үзүүлбэрийн дараа Камила Валиева алдаа гаргасныхаа төлөө, Александра Трусова дээд амжилт гаргасан ч хоёрдугаар байранд орсныхоо төлөө уйлж, Оросын шигшээ багийнхны дунд хэсэг зуур дүнсгэр уур амьсгал ноёрхсон юм. Энэ талаар ч Анна сэтгэгдлээ хуваалцжээ.
"Ийм зүйл болоогүй байсан бол надад ямар мэдрэмж төрөх байсан талаар хэлэхэд хэцүү юм. Би өөрөө тухайн үед баярлахад бэлэн байгаагүй. Яг л бүх сэтгэл хөдлөл дуусчихсан юм шиг байсан. Би сандраагүй, баярлахаасаа ичээгүй, зүгээр л сэтгэл хөдлөл дуусчихсан байсан. Бүгдийг нь алдчихсан мэт байлаа" хэмээн Щербакова өгүүлжээ.
Түүнчлэн тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ч оролцож магадгүй гэдгээ сэтгүүлчдэд ярьсан байна.
"Надад одоо ч тэмцээн дууссан мэт санагдахгүй байна. Ажил дууссан мэт мэдрэмж алга. Одоогоор ийм л байна. Маргааш бэлтгэлтэй" хэмээн Анна Щербакова өгүүлжээ.
Тэрбээр хоёрдугаар сарын 17-нд болсон уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд чөлөөт үзүүлбэрээр өндөр оноо аван, алтан медалийн эзэн болсон юм. Олимпоос ердөө таван жилийн өмнө тэрбээр хөлөө хугалж, тэмцээнд оролцох боломжгүй болж байжээ.
2004 онд Москва хотод төрсөн Анна Щербакова гурван настайгаасаа уран гулгалтаар хичээллэж эхлэн, 2013 онд алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн багт орсон байна.
Өсвөр насныхны анхны улирал түүний хувьд эмгэнэлтэй үйл явдалтай давхацсан юм. Анна 2017 онд бэлтгэлийн үеэр хөлөө хугалж, олон улсын өсвөрийнхний тэмцээнд оролцохоо нэг жилээр хойшлуулж байв. Үлдсэн улиралд нь Оросын тэмцээнүүдэд оролцон, Оросын АШТ-ий 13 дугаар байранд бичигдэж байсан бол дараа жил нь, 2018 онд Оросын цомын тэмцээнд ялалт байгуулж байлаа.
Хэдийгээр гэмтсэн ч Анна 2018 оны дөрөвдүгээр сард бэлтгэлдээ хүчээ дайчилж байсан бөгөөд эмэгтэй уран гулгагчдын түүхэнд анх удаа дөрвөл лутц-гурвал риттбергер-гурвал тулупын каскапыг цэвэр гүйцэтгэсэн юм.
2019 оны 12 дугаар сард болсон Оросын насанд хүрэгчдийн АШТ-д анх удаа оролцохдоо дөрвөл үсрэлтийг анх удаа хийв. Богино үзүүлбэрийн дүнгээр тавдугаарт бичигдсэн ч дөрвөл лутц хийж чөлөөт үзүүлбэрээ цэвэр гүйцэтгэсэн, мөн өрсөлдөгчид нь алдаа гаргасны улмаас тэрбээр Оросын аварга болж чадсан байна. Үүний дараа улсынхаа гурван удаагийн аварга болж байсан Анна 2021 онд л Оросын АШТ-ийг алтан медальгүй өндөрлүүлж байжээ.
Анна Щербаковагийн хувьд хамгийн амжилттай үе нь 2020-2021 оны улирал байв. Тэрбээр оролцсон бүхий л тэмцээндээ ялж байлаа. Одоо Анна Олон улсын тэшүүрчдийн холбооны чансаад нэгдүгээр байранд бичигдэж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ