Байден: Хөршийнхөө нутгийг улс гэж зарлах эрхийг хэн Путинд өгөө вэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украиныг тойрсон нөхцөл байдалтай холбоотой хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Энэ үеэр тэрбээр Оросын улсын өрийн эсрэг хориг тавихаар болсныг зарласан байна.
Түүнчлэн Оросын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт үйлчилгээ үзүүлдэг Промсвязьбанк, эдийн засгийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлдэг ВЭБ төрийн хөрөнгө оруулалтын банкийг ч хориг арга хэмжээний жагсаалтад багтах аж. ВЭБ банк нь одоо ч салбарын хоригт байгаа юм. Харин энэ удаад хоригт ВЭБ-ийн охин компаниуд, тэр дундаа ЦСКА хөлбөмбөгийн клуб багтжээ.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, Оросын Сбербанк, ВТБ гэсэн байгууллагуудыг ч хориг багтааж болзошгүй талаар албаны эх сурвалж мэдээлсэн гэнэ. "Орос түрэмгийллээ үргэлжлүүлвэл энэ улсын санхүүгийн нэг ч байгууллага аюулгүй байдалд үлдэхгүй" хэмээн эх сурвалж өгүүлсэн байна.
Түүнчлэн тухайлсан хоригт багтах Оросын удирдлагын төлөөлөгчдийг ойрын үед зарлана гэж Байден мэдэгджээ. АНУ-ын Сангийн яамны нийтэлсэн хориг арга хэмжээний жагсаалтад Оросын Холбооны аюулгүй байдлын албаны захирлын хүү, ВТБ банкны дэд ерөнхийлөгч Денис Бортников, Оросын Гадаад тагнуулын газрын захирал асны хүү, Промсвязьбанкны дарга Петр Фрадков, Ерөнхийлөгчийн захиргааны нэгдүгээр орлогчийн хүү, VK технологийн корпорацийн ерөнхий захирал Владимир Кириенко нар багтжээ.
БНЛАУ, БНДАУ-ыг хүлээн зөвшөөрснийх нь төлөө Оросын эсрэг тавих Америкийн хориг арга хэмжээнүүд нь 2014 онд авч хэрэгжүүлж байснаас илүү хатуу байна гэж Байден мэдэгдсэн байна.
"Бид болон манай түншүүд 2014 онд авч хэрэгжүүлсэн алхмаас хавьгүй хатуу хориг арга хэмжээ тавихааас эхэлнэ. Орос улс довтолгоогоо үргэлжлүүлвэл бид нэмэлт хориг тавихад бэлэн" хэмээн Байден мэдэгдсэн байна.
"Путин ямар эрхтэй юм?"
Оросын Ерөнхийлөгч хоёр нутаг дэвсгэрийн тусгаар тогтнолыг "хачирхалтай байдлаар" хүлээн зөвшөөрсөн хэмээн Байден хэвлэлимйн хурлын үеэр мэдэгджээ.
"Путин хөршид нь харьяалагдах нутаг дэвсгэрүүдийг улс гэж зарлах эрхийг юу түүнд өгөв? " хэмээн Байден мэдэгдээд энэхүү алхам нь олон улсын эрхзүйг зөрчсөн хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Мөн Путин цааш ахиж, Украины нутаг дэвсгэрийг хүчээр эзлэн авахаар бэлдэж байна хэмээн Америкийн Ерөнхийлөгч үзжээ.
Оросын Холбооны зөвлөл Донбасс руу цэрэг илгээх шийдвэрийн талаар Байден тайлбарлахдаа "Энэ бол Украин руу Орос халдаж эхэлж байгаа үйлдэл" хэмээсэн байна.
Байдены үзэж байгаагаар Владимир Путин Украины орших эрхэнд халдаж, Европын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийх ямар ч сонирхолгүй байгаа аж.Тиймээс Европын аюулгүй байдлыг хангах үүднээс зохих арга хэмжээ авахаар болсноо Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Тодруулбал, Зүүн Европ дахь холбоотон орнууд руу нэмэлт цэргийн хүч илгээхийг Байден тушаасан байна. Одоо ч Европт цэрэг, зэвсэглэл байгаа бөгөөд тэднийг Балтийн орнууд руу илгээнэ гэж Байден онцолжээ.
"Энэ бол манай талаас авч хэрэгжүүлж буй батлан хамгаалах арга хэмжээ гэдгийг цохон тэмдэглэе. Бид Оростой байлдах гээгүй" хэмээн АНУ-ын Жо Байден мэдэгджээ.
Тэрбээр хурлын төгсгөлд, Оросын эсрэг хориг арга хэмжээнүүд нь Америкийн бизнест сөргөөр нөлөөлнө гэдгийг хүлээн зөвшөөрсний дээр Америкийн компаниудын эрх ашгийг хамгаалж, Оросын эдийн засагт оновчтой цохилт өгөхийг хичээж байгаа хэмээсэн байна.
Путин Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ