Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав
Нийслэл Улаанбаатар хотод тухайн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажил, түүний зохион байгуулалтын талаар оны эхэнд хэлэлцдэг, ярилцдаг, нээлттэй мэдээлдэг уламжлал тогтоод байгаа. 2011 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын ажлын үр дүн, гарсан хүндрэл бэрхшээл, 2012 оны хөрөнгө оруулалтын ажлыг оновчтой, үр ашигтай зохион байгуулах талаар ярилцсан “Хөрөнгө оруулалт-2012” зөвлөлгөөн боллоо. Өнгөрсөн онд хотын удирдлагууд хөрөнгө оруулалтын нэг төгрөг тутамд хариуцлага тооцон ажиллаж, ажлын зураг төсөл, төсвийг эрт боловсруулж эхлэн, тендерийн үнэлгээний хороог мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж, эрт байгуулсан, хөрөнгө оруулалтын тухайн ажлыг хариуцаж, зохион байгуулах ажилтанг тодорхой болгож, эзэнжүүлсэн, ямар хугацаанд, ямар материал, тоног төхөөрөмжөөр, ямар өртөгтэй ажил, ямар компани шалгарсан нь ил тод байлгасан гээд олон дэвшил гарсан. 2011 онд улсын төсвийн хөрөнгөөр 92,1 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 128,9 тэрбум, нэмэгдэл эх үүсвэрээр 10,0 тэрбум, нийт 231,0 тэрбум төгрөгийн 486 хөрөнгө оруулалтын ажил хэрэгжүүлжээ. Энэ онд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэж 435,0 тэрбум төгрөг болсон байна. Нийслэлийн агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалахад нийслэлийн төсвөөс 3,6 тэрбум, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэхэд 3,6 тэрбум, Туул, Сэлбэ голын урсацыг сайжруулахад 6,0 тэрбум, дүүрэг бүрт хот тохижилт, ногоон байгууламжийн ажилд 2,0 тэрбум хүртэл төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Б.Баатарзориг энэхүү зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ “хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэгч, захиалагч, гүйцэтгэгч бүх байгууллага, албан тушаалтнууд ажлын сахилга хариуцлагаа өндөржүүлэн, төлөвлөсөн хөрөнгийг үр ашигтай зарцуулан ажилласнаар хөрөнгө оруулалтын үр өгөөж, нийгмийн хүртээмж нэмэгдэн ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа” илэрхийлээд “нийслэлийн бүх шатны байгууллага хөрөнгө оруулалтын ажлын нэг төгрөг тутамд үр ашиг тооцож ажиллах болно” гэдгийг анхааруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ