Умардын эсрэг нэгдсэн ”Фронт” байгуулагдаж байна
Хойд Солонгосын дайралтад амиа алдсан иргэдийг оршуулах ёслол Өмнөд Солонгост боллоо. Умардын артиллерийн дайралтанд амиа алдсан 4 хүний 2 нь энгийн иргэн байсан юм. Энэ асуудалтай холбогдуулан АНУ, Япон, Өмнөд Солонгосын талууд Вашингтонд уулзаж Солонгосын Хойгийн хямралыг намжаах тал дээр Орос болон Хятадын талаас дэмжлэг авахыг чармайж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэлсэн үгэндээ “Умард Солонгосын өдөөн хатгасан, болчимгүй үйлдэл нь Азид энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байгааг бүгд мэдэж байгаа” гэжээ. Харин Хилларигийн мэдэгдлийн өмнө Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао Обаматай утсаар ярьж байдал хяналтаас гарч болохыг анхааруулсан байна.
Хямралыг намжаахад Хятадын үүрэг оролцоо чухал байгааг Клинтон онцолсон. Хиллари Клинтон хэлэхдээ “Хятад улс нь 6 талт хэлэлцээрийг ахладаг, Умард Солонгостой өвөрмөц харилцаатай байдгийн хувьд тус бүс нутагт аюулгүй тогтвортой байдлыг хангаж, Умардыг шахаанд оруулахад чухал үүрэгтэй” гэжээ. Өмнөд Солонгосыг дэмжих үүднээс АНУ нь шар тэнгист цэргийн хээрийн сургууль явуулсан. Америкийн цэргийн ерөнхий командлагч Майк Муллен Өмнөд Солонгосын аюулгүй хүчний удирдлагуудтай уулзахаар Сөүлийг зорьсон. 6 талт хэлэлцээрийн хамгийн чухал тоглогч Хятад улс Вашингтоны уулзалтанд уригдаагүй байна. “Умард Солонгосын хувьд талуудтай хэлэлцээрийн ширээний ард дахин суух боломж нь нээлттэй байгаа. Гэхдээ юуны түрүүнд өдөөн хатгасан түрэмгий байдлаа зогсоох хэрэгтэй” гэж Хиллари Клинтон мэдэгдэж байна.
Н. ЭРДЭНЭБУЛГА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ