
Хэрэглээний үнийн улсын индекс 2011 онд 10.2 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс 11.1 хувиар тус тус өсчээ. Улаанбаатар хотын сарын инфляци 1.3 хувь, улсын хэмжээнд сарын инфляци 2.0 хувьтай гарлаа. Суурь инфляци сарын 0.1 хувь, жилийн 10.0 хувь байв.
Улаанбаатар хотын сарын инфляцид зөвхөн хүнсний барааны үнийн өсөлт нөлөөлсөн бөгөөд хонины махны үнэ 7.4 хувь, үхрийн махных 3.3 хувиар тус тус нэмэгдсэн нь сарын инфляцийн дийлэнх буюу 71.6 хувийг эзэлжээ.
Инфляцид хүнсний барааны үнийн өсөлтийн нөлөө өмнөх онуудтай харьцуулахад буурч, харин бусад бүлгүүдийн үнийн өөрчлөлтийн нөлөө нэмэгдсэн байна. Тодруулбал, 2010 оны 12 дугаар сард хүнсний барааны үнийн өсөлт жилийн инфляцийн 62.1 хувийг бүрдүүлж байсан бол 2011 оны 12 дугаар сард 36.5 хувь болжээ.
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индексийн жилийн өөрчлөлтийг бүлгээр нь авч үзвэл тээврийн бүлгийн бараа, үйлчилгээний үнэ 21.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 17.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 11.6 хувь, хүнсний барааных 8.9 хувь, боловсролын үйлчилгээнийх 10.2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр өсөлттэй бүлгүүд байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ