Лавров: Хэлэлцээ хийхэд барууныхан саад болж байна

Орос, Украины хооронд дайн дэгдээд 61 өдөр өнгөрлөө. Сөргөлдөөн эхэлсний дараахан хоёр тал хэлэлцээний эхний шатыг эхлүүлж, хэдэнтээ биечлэн уулзан, цахимаар хэлэлцээгээ үргэлжлүүлж байсан ч сүүлийн үед энхийн тохиролцоо мухардалд ороод байна. Үүнд хоёр тал харилцан нэгнээ буруутгаж байгаа бол Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Барууны орнууд хэлэлцээ хийхэд саад болж байна гэж мэдэгджээ.
"АНУ ч тэр, Их Британи ч тэр хэлэлцээг түргэсгэхгүй байх, байр сууриа улам хатуу болгохыг Зеленскийд зөвлөж байгаа" хэмээн Лавров Оросын Первый канал сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр өгүүлсэн байна.
Лавровын өгүүлснээр, Украин гуравдугаар сарын сүүлээр Стамбулд хийсэн хэлэлцээний үеэр илэрхийлсэн байр сууриасаа ухарсан гэнэ. Стамбулд болсон хэлэлцээгээр талууд нааштай алхам хийж байсан юм. Украин улс гэрээний үндэс байж болохуйц саналын жагсаалтыг өгсөн ч хэлэлцээний дараа Украины байр суурь өөрчлөгдсөн гэж Лавров өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ