Зеленский: Путин солиороогүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Австралийн "Nine Network" сувгийн "60 хором" төслийн сэтгүүлчидтэй уулзан, өнөөгийн нөхцөл байдал болон хөрш орны бодлогын талаар ярилцжээ.
Энэ үеэрээ тэрбээр, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинийг дайн эхлүүлсэн тул солиорсон гэж бодохгүй байгаа, тэрбээр зориуд украинчуудыг үзэн ядуулах мэдээллийн дайныг нутагтаа дэгдээсэн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тодруулбал, Украинд Оросын армийг цэцэг барин угтана гэж Владимир Путин үнэхээр бодсон эсэх, тэрбээр хий төсөөлөлд орсон эсвэл солиорсон байж болзошгүй эсэх талаар сэтүүлч асуухад Зеленский Путин болон түүний багийг солиотой гэж бодохгүй байгаа хэмээн хариулжээ.
“Түүнийг бусад нь ийм болгосонд л учир байгаа юм. Оросын удирдлагууд эхлээд улс орондоо чөлөөт сэтгэлгээ, үг хэлэх эрх чөлөөгүй, гагцхүү эрх баригчдыг л баримталсан мэдээллийн талбар бий болгосон. Ийм талбар аль эртнээс л үүсгэсэн. Тэд үүнийгээ олон нийтдээ зориулан хийж, дараа нь өөрсдийгөө энэ хүрээлэл рүү татан оруулаад, тэр хүрээндээ л амьдарч байна. Тэд хаалттай мэдээллийн талбартаа гагцхүү өөрсдөд нь таалагддаг эсвэл таалагдах ёстой мэдээллийг л авдаг. Өөрөөр хэлбэр зориуд үүсгэсэн талбар нь тэдэнд ч үйлчлээд эхэлсэн” хэмээн Зеленский сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Зеленскийн үзэж байгаагаар Украинд хэт даврагсад байдаг, украинчууд хэн нэгнийг гутаан доромжилж, хүмүүстэй дайтаж байгаа гэх мэт украинчуудыг буруутгасан мэдээлэл Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа учрас л оросууд украинчуудыг үзэн яддаг гэнэ.
"Бид л тэдэнтэй тулалдаж байгаа гэдэгт тэд итгэсэн. Тэд гэрээсээ гараад, манай улсад байгаа шиг гудамжинд нь танк байгаа эсэхийг ч хараагүй. Тэнд юу ч байхгүй шүү дээ, Орост буудалцаан болоогүй, ямар ч танк ороогүй, манай улсад болж байгаа шиг үйл явдал тэнд болоогүй” хэмээн Зеленский өгүүлсэн байна.
Мөн оросууд мэдээллээр тархиа угаалгаж, үнэ мөнийг олж харахад бэлэн биш байгаа хэмээн өгүүлжээ.
“Эхлээд тэд АНУ буруутай гэсэн, дараа нь Британийг буруутгасан. Цаашлаад Канад, Австрали, Шинэ Зеланд гээд буруутгах улс орон улам л нэмэгдсэн. Үүний араас Европын холбоо гээд л. Энэ бүгд тэдний эсрэг байгаа юм байх. Гэхдээ гагцхүү үүнд л гол учир нь байгаа юм. Бүгд тэдний эсрэг биш харин цаашид хэн ч тэднийг дэмжихгүй болж байгаа юм. Дэлхий дахин Оросын бүх хүний эсрэг зогсоогүй. Дэлхий дахин Путиний бодлогыг хүлээж авахгүй, дарангуйллыг хүлээж авахгүйд л учир байгаа юм” хэмээн Зеленский өгүүлжээ.
Эргэн сануулахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр “тусгай цэргийн ажиллагаа явуулах” тушаал өгснөөр Оросын арми хөрш Украин руу халдсан юм. Ийм дайн дэгдээх болсон зорилго нь Украиныг аливаа эвсэлд нэгдүүлэхгүй байх, Донбассыг чөлөөлөх, нацистуудыг үгүй болгох, цэрэггүйжүүлэх явдал хэмээн зарлаж байсан. Энэ дайн эхэлснээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрөхөд талууд хэдэнтээ хэлэлцэж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй, сүүлийн үед хэлэлцээ зогсонги байдалд ороод байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ