Тавдугаар сарын есөн буюу Төв Азийн орнуудын төвийг сахих гэсэн оролдлого
2022-05-09

Украины дайн Оросоос эдийн засгийн хувьд хамааралтай байдаг Төв Азийн орнуудыг ихээхэн төвөгтэй байдалд оруулсан юм. Нэг талаас, сайн харилцаатай, эдийн засгийн хамааралтай байдаг Оросод "хатуурхахгүй", нөгөө талаас олон улсын зүгээс дарамт шахалтад өртчихгүйхэн байхын тулд төв Азийн орнууд Оросын түрэмгийллийг ил тодоор шүүмжилж чадахгүй, дэмжиж ч чадахгүй нөхцөл байдалд орсон. Энэ байдал тавдугаар сарын есний өдөр бүр илүүтэй мэдрэгдэж байна. Учир нь өмнө нь Ялалтын баярын өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг байсан орнууд энэ жил, Украин-Оросын дайнтай холбоотойгоор цэргийн ёслолын арга хэмжээ зохион байгуулвал Оросыг илт дэмжсэн болчих, үгүй бол Оросын "дургүйг хүргэчих" гэсэн ацан шалаанд оров. Алтан дунджийг олох гэж Азийн орнууд ямар алхам хийж байгаа вэ? 

Монгол 

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас ялгаатай нь Монголд дайн эсэргүүцсэн жагсаал цуглаан удаа дараа болж, хэвлэлүүд ч Украин, Оросын дайны талаар тогтмол мэдээлж байгаа юм. 


Дайн эхэлсний дараа, гуравдугаар сард Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг “<...>Холбогдох талууд яриа хэлэлцээрийн замаар дипломат үйл ажиллагаа, сайн санааны үндсэн дээр галыг даруй зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал байна гэсэн байр суурьтай байгаа” хэмээн Монгол Улсын байр суурийг илэрхийлж байлаа. 


Тавдугаар сарын есний тухайд, манай улсад нийслэлд төдийгүй орон нутагт ч Ялалтын баярын арга хэмжээ зохион байгуулагддаг. Сүүлийн хоёр жил коронавирусийн цар тахлын улмаас аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байсан тул энэ өдрийг тэмдэглээгүй. Харин энэ жил хорио цээр тавигдсантай холбоотойгоор “Мөхөшгүй хороо” арга хэмжээ боллоо. Тавдугаар сарын наймны өдөр болсон энэ арга хэмжээ БХЯ-ны цэргийн үлээвэр найрал хөгжмийн дор явагдсан нь олон нийтийг талцуулсан юм.

Дэлхий нийтээр дайн эсэргүүцэж байгаа энэ үед БХЯ-ны дэмжлэгтэй ийм арга хэмжээ болж байгаа нь “Түрэмгийлэгч Оросыг дэмжиж, дэлхийд Монголын нэрийг харлууллаа” гэж олон хүн шүүмжилж байсан бол “Дэлхийн II дайн дуусахад оруулсан Оросын ард түмний хувь нэмрийг дурсах өдөр” гэж маргах хүн ч олон байна. 

Казахстан

Оростой хамгийн их нутаг дэвсгэрээр хиллэдэг Казахстанд Украины дайн ихээхэн нөлөөлсөн юм. Сүүлийн жилүүдэд Казахстаны эрх баригчид казах хэлний хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, харин Оросын албаны этгээдүүд болон төрийн хэвлэлүүд нь Казахстанд орос хэлтнүүдийг хавчин гадуурхаж байна гэж буруутгах болсон.

 

Дайн эхэлснээс долоо дахь өдөр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдэл хийхдээ Казахстан энэ асуудалд төвийг сахисан байр суурьтай байгааг зарлаад, талуудыг хэлэлцээ хийхийг уриалсан юм. Үүний зэрэгцээ гуравдугаар сард Алма-Ата хотод дайн эсэргүүцэх жагсаал хийхийг зөвшөөрч байв.

 

Мөн гуравдугаар сарын эхээр Украинаас Оросын цэргийг гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоол гаргах санал хураалтад Казахстан түтгэлзсэн санал өгсөн бол үүнийхээ дараахан өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн юм.

 

Ингээд тавдугаар сарын есний өдөр өргөн цар хүрээтэй цэргийн парад зохион байгуулахгүй гэж Казахстаны эрх баригчид дөрөвдүгээр сарын сүүлээр мэдэгдсэн. Энэ нь парад зохион байгуулахад асар өндөр зардалтай, үүнд зориулах хөрөнгийг батлан хамгаалахдаа зарцуулсан нь зүйтэй гэж тайлбарлаж байлаа. Казахстанд хамгийн сүүлд 2019 онд Ялалтын баярт зориулсан цэргийн парад болсон бөгөөд дараагийн хоёр жил нь коронавирусийн цар тахлын улмаас парад цуцлагдаж байв.

 

Казахстанд дайн эсэргүүцсэн жагсаал нэг л удаа болсон, үүний дараа энэ төрлийн жагсаалд зөвшөөрөл өгөөгүй юм. Хэдийгээр дайн эсэргүүцсэн жагсаалыг зөвшөөрөхгүй байгаа ч Оросыг илт дэмжсэн хандлагад ч мөн шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, Оросын "цэргийн ажиллагаа"-ны бэлгэдэл болсон Z үсгийг машин дээрээ наасан тохиолдолд замын цагдаа нар торгож байгаа бөгөөд үүнийгээ "тээврийн хэрэгсэл ашиглах журмыг зөрчсөн" хэмээн тайлбарлаж байгаа аж.

 

Кыргызстан 

 

Кыргызстанд ч мөн машин дээр Z үсэг наахыг хориглож байгаа бол өнөөдөр болох Ялалтын баярын арга хэмжээнд оролцогчдыг энэ үсгийг ашиглахгүй байхыг уриалжээ. 


Энэ улсад мөн л цэргийн парад болохгүй, гэхдээ “Мөхөшгүй хороо” арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн байна. 
Бусад орнуудын адилаар, Кыргызстанд ч дайн эсэргүүцсэн жагсаал цөөн хүнтэй ч гэсэн болж байлаа. Харин дөрөвдүгээр сарын эхээр энэ улсын эрх баригчид дайнтай холбоотой аливаа арга хэмжээг хориглосон юм. 


Түүнчлэн тайван жагсаалыг зөвшөөрсөн бөгөөд гагцхүү Бишкек хотын Горькийн талбайд зохион байгуулахыг анхааруулсан байна. “Ганц л хүсэлт байна. Элчин сайдын яамыг тайван орхи” хэмээн Кыргызстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров мэдэгдэж байлаа. Үүнээс өмнө дайн эсэргүүцсэн жагсаалууд Кыргызстан дахь Оросын ЭСЯ-ны гадаа болж байсан юм. 


Мөн өнгөрсөн сард Оросын “Гармония” соёлын төв зохион байгуулах байсан “Үнэний цаг” нэртэй кино наадмыг олон нийт эсэргүүцсэн тул Кыргызийн эрх баригчид цуцалж байлаа. Үүнийгээ “олон улсын өнөөгийн байдал болон Кыргызстаны төвийг сахисан байр суурьтай холбоотой” хэмээн тайлбарлаж байв. 


Кыргызстан, Оросын харилцааны тухайд энэ хоёр улс Евразийн эдийн засгийн холбоонд төдийгүй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад багтдаг холбоотон улс юм. Кыргызстаны нутаг дээр Оросын цэргийн бааз байрладаг бол Кыргызстаны олон мянган цагаач Орост ажиллан, ар гэррүүгээ мөнгө шилжүүлдэг. 


Узбек 
 

Узбекистан улс хөршүүдээсээ ялгаатай нь Оростой ямар ч холбоонд элсээгүй. Тиймдээ ч дайн зогсоохыг хамгийн түрүүнд уриалж, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа зарласан орнуудын нэг байлаа. 


Гэхдээ л орон нутгийн хэвлэлүүдийг Орос, Украины сөргөлдөөний талаар мэдээлэхгүй байхыг үүрэг болгожээ. Үүний зэрэгцээ, Орост амьдардаг узбекчүүдийг сөргөлдөгч талуудын аль алиныг дэмжин байлдааны ажиллагаанд оролцохыг хориглож, зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж анхааруулсныг “Эрх чөлөө радио” мэдээлж байв. 


Өнөөдөр буюу тавдугаар сарын есний тухайд Узбект энэ өдрийг цэргийн парад зохион байгуулж тэмдэглэдэггүй. Энэ өдрийг Дурсах, хүндэтгэл үзүүлэх өдөр хэмээн нэрлэдэг. Мөн 1941-1945 оны дайныг Аугаа их Эх орны дайн биш харин Дэлхийн II дайн гэж энэ улсад нэрлэдэг юм. 

 

Тажикистанд парад болно 

Тажикистан улс Ялалтын баярт зориулсан цэргийн парад зохион байгуулах цөөн орны нэгд тооцогдож байна. Энэ улсын нийслэл Душанбе хотод өнөөдөр Ялалтын баярт зориулан цэргийн парад болох юм. 


Гэхдээ энэ улсын эрх баригчид Украины дайнтай холбоотой сэдвээр мэдэгдэл хийхээс мөн л цааргалж байгаа юм. Мөн хэвлэлүүдийг Украин дахь үйл явдлын талаар мэдээлэхгүй байхыг үүрэг болгожээ. Түүнчлэн Узбекийн адилаар, өөрийн орны иргэдийг аль ч талын байлдааны ажиллагаанд оролцохыг хориглосон байна. 


Туркмен 


НҮБ-ын тогтоолын санал хураалтад Казахстан, Монгол зэрэг Оростой холбоо харилцаатай орнууд түтгэлзсэн санал өгсөн бол Туркмен энэ санал хураалтад огт оролцоогүй юм. 

Энэ улсын шинэхэн Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Оросын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академийг төгссөн. Тиймдээ ч тэрбээр Оросын талыг баримтлагч гэж ажиглагчид үздэг. 

Дайн эхэлсний дараахан л Туркмен, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны ой тохиож, Путин, Бердымухамедов нар утсаар ярилцан, Путин түүнийг Орост айлчлахыг урьсан юм. 


Хэвлэл мэдээллийн тухайд, Туркмений хэвлэлүүд төрийн хяналтад байдаг. Мөн Украины үйл явдлын талаар огт мэдээлэхгүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Ялалтын баяр сайхан шүү орос орон мандан бадраг.
2022-05-12
Чи өөрөө наад өвс хөвд ургасан тархиа сэгсэрч, салхи оруул. Санааныхаа гүнд аваачиж залсан "орос ах" гэдэг гүнгэрваатай бурханаа соливол таарна.
2022-05-10
Залуучууд түүхээ сайн унш. Барууны хэвлэл мэдээлэлд тархиа угаалгасан залуус олширчээ. Ардчилал ярьсан нөхдүүд …
2022-05-09
Чи өөрөө наад өвс хөвд ургасан тархиа сэгсэрч, салхи оруул. Санааныхаа гүнд аваачиж залсан "орос ах" гэдэг гүнгэрваатай бурханаа соливол таарна.
8039unp dugaartai 30pruis tei Purevdorj huchingiin heregtei hogiin hulgaich shuu
2022-05-09
зочин:
Mонгол улс элчин Aзизовын гөлөг улс гэдэг нь илт байна.
2022-05-09
манайх ч гэсэн адил:
Үнэн өрөвдмөөр. Өөрийн үзэл бодлоо илэрхийлчихэж ч чадахгүй, "орос ахын" сэтгэлд юм хийчих болов уу гэсэн, хойд хөрш дайраад ороод ирэх болов уу гээд мөнхий айдастай. Киргизстанаас долоон дор байгаа нь Z үсгийг хориглох ч зүрх байхгүй
2022-05-09