Шүүгч татгалзаж, Н.Түвшинбаярыг шүүх хуралдаан хойшиллоо

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Тодруулбал, Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 9.30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаан хаалттай явагдсан бөгөөд Н.Түвшинбаяр өөрийн биеэр оролцсон юм.
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров "Илтгэгч шүүгч н.Доржсүрэн шүүх хуралд оролцохоос татгалзсан учир Н.Түвшинбаярын шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Мөн Н.Түвшинбаярын талаас шүүх хурал, шүүгч нарт нөлөөлөх оролдлого хийгээгүй, хийхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг дахин товлох аж.
Хэргийг эргэн сануулахад, Н.Түвшинбаяр 2021 оны 04 дүгээр сарын 02-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын найз, Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар хохирогч удаан хугацааны эмчилгээний дараа нас барсан юм.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ