Улаанбаатар хотын соёлын төв Яармагт төвлөрнө

img

Нийслэлийн хэмжээнд том, жижиг цэцэрлэгт хүрээлэн хэд хэд байдаг ч Нисэх, Яармагийн иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх амарч, зугаалах боломжтой газар тун цөөн. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт 35 га газар бүхий Олон улсын цэцэрлэгт хүрээлэн нээгдлээ.

 

 

Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцлоо. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот урт хугацаанд 120 сая мод тарих зорилготой. Энэ жил аж ахуйн нэгж, байгууллагууд ногоон байгууламжийг нэмэх, мод үржүүлэх, ургуулах, тарих ажилд маш идэвхтэй оролцож байна. Түүнчлэн ногоон байгууламж дотроо зүлэгжүүлэлтийг нийслэлд өргөн хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж байгуулж байгаа байгууллагуудыг татвараас чөлөөлөх асуудлыг төрөөс онцгойлон авч үзэх ёстой. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоо хангагдаж байж  ногоон Улаанбаатар хот бий болж, экологийн тэнцвэр, шаардлагад нийцсэн хотын төлөвлөлтийг хийнэ. Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын нүүр царайг тодорхойлсон ногоон байгууламж бүхий газар болно гэдэгт итгэж байна” хэмээлээ.

 

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хотын соёлын төв болгохоор төлөвлөлт хийж, зураг төслөө боловсруулж байгааг уг төслийн мэргэжилтнүүд ярилаа.

 

“Олон Улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийн зөвлөх Ц.Бямбасүрэн “Яармагт байгуулж буй энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хотын соёлын төв болгохоор төлөвлөлт, зураг төслөө боловсруулан мод тарьж байна. Мод тарих соёлд уриалах, тарьц, суулгацыг тарьж ургуулах, худалдан борлуулах экспог мөн зохион байгууллаа. Хотжилт нэмэгдэх хэрээр хүмүүст ногоон байгууламж заавал шаардлагатай” гэдгийг онцолж байв.

 

Б.Намуунзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ