"Азовсталь" үйлдвэрээс 264 цэргийг нүүлгэн шилжүүлжээ

Украины Мариуполь хотыг хамгаалан үлдсэн гол хүч "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэрт байрлаж, Оросын армийн эсрэг эсэргүүцэл үзүүлсээр байсан бөгөөд олон цэрэг шархдаж, тусламж авч чадалгүй нэн хүнд байдалд байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан.
Украины тал "Азовсталь" үйлдвэрээс шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэхэд туслахыг олон улсад хандан удаа дараа уриалж байлаа. Улмаар хүнд шархадсан 53 хүн, өөр 211 хүнийг даваа гарагт хүмүүнлэнгийн коридороор дамжуулан Новоазовск, Оленевка суурин руу хүргэсэн талаар Украины Батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр мэдэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хүнд шархадсан 53 хүнийг өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын нутаг дэвсгэр дээрх Новоазовск руу илгээсэн бол бусад хүмүүсийг Оленевка суурин руу явуулжээ. Украины хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Оленевка сууринд тусгай хорих анги байх бөгөөд энд Мариуполиос нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг байлгаж, Оросын цэргүүд хянаж байгаа гэнэ.
"Цаашид тэднийг гэрт нь хүргэхийн тулд солилцоо хийнэ. "Азовсталь" үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр үлдсэн хамгаалагчдын тухайд гэвэл тэднийг аврах арга хэмжээг хамтын хүчээр хэрэгжүүлж байна" хэмээн Анна Маляр мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
Цэргүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа Украины Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ "Мариуполийг хамгаалагчид байлдааны үүргээ гүйцэтгэсэн, одоо бие бүрэлдэхүүний амь насыг хамгаалах нь гол зорилт" хэмээн онцолсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ