Оросын думын гишүүн Мексик, АНУ-ын хил дээр саатуулагджээ

Оросын Владивосток хотын Думын гишүүн Виктор Каменщиков АНУ-ын хил дээр саатуулагджээ. Энэ талаар хууль сахиулах байгууллагаас авсан эх сурвалжтайгаар РИА Новости мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Владивосток хотын Думын гишүүн Виктор Каменщиков хууль бусаар хил нэвтрэх гэж байгаад саатуулагдсан гэнэ. Тэрбээр өмнө нь Украин дахь "тусгай цэргийн ажиллагаа"-г олны өмнө шүүмжилж байсан бөгөөд 2022 оны хоёрдугаар сарын сүүлээс хойш думын хуралд оролцоогүй байна. Гэхдээ Викторын гишүүний бүрэн эрх хэвээр байгаа гэж РИА Новости мэдээлжээ.
Энд дуулгахад, Оросын Төрийн думын дарга Вячеслав Володин мэдэгдэл хийхдээ Оросын эрх баригчдын үйлдлийг шүүмжилдэг хэн бүхэн албан тушаалаасаа огцрох ёстой хэмээн онцолж байлаа. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын алба хашиж байсан, өдгөө Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч даргын албан тушаалтай Дмитрий Медведев Украинд "тусгай ажиллагаа явагдаж байгаа үед эрх баригчдаа шүүмжлэх нь урвасан хэрэг" хэмээн мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ