Оросын дипломат: Эх орноосоо ингэтлээ ичиж байсангүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаалыг хоёрдугаар сарын 24-ний өдөр өгч, Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш энэ улс олон улсын зүгээс хориг арга хэмжээнд орсны дээр Орос болон барууны орнуудын хооронд дипломат дайн ч дэгдсэн юм. Дэлхийн олон орон Оросын дипломатуудыг “персона нон грата” хэмээн зарлаж, нутаг дэвсгэрээсээ хөөх болсон энэ үед Оросын дипломат сайн дураараа ажлаа өгсөн анхны тохиолдол гарчээ. Тэрбээр Украинд өдүүлсэн дайныг эсэргүүцэн ийм шийдвэр гаргажээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Женевт ажилладаг, НҮБ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтан Борис Бондарев халагдах өргөдлөө өгч, хамтран ажилладаг гадаадын төлөөлөгчдөд хандан Владимир Путиний өдөөсөн түрэмгий дайныг хатуухан шүүмжилсэн захидал илгээсэн байна.
Өдгөө 41 настай Бондарев ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Оросын Гадаад хэргийн дэд сайд Геннадий Гатиловд хаяглажээ.Түүнчлэн тэрбээр Ройтерс болон АР агентлагуудад өгсөн ярилцлагадаа ч ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа баталсан байна.
“Даваа гарагийн өглөө би ердийнхөөрөө л ажилдаа ирсэн. Тэгээд огцрох хүсэлтээ илгээгээд явсан. Би энэ тухай хэдэн жилийн өмнөөс л бодож эхэлсэн юм. Гэхдээ өнөөгийн сүйрлийн цар хүрээ намайг шийдвэртэй алхам хийхэд түлхэц болсон” хэмээн Бондарев өгүүлсэн байна.
Бондаревын өгүүлснээр, тэрбээр Оросын дипломат төлөөлөгчийн газрын өндөр албан тушаалтнуудад Украины дайныг шүүмжилж байгаагаа хэдэнтээ илэрхийлсэн гэнэ. Харин тэд “таагүй үр дагавраас зайлсхийж амаа жимийхийг хүссэн” аж.
Тэрбээр ВВС агентлагт ч ярилцлага өгөн, гаргасан шийдвэрээ тайлбарлажээ.
“Манай засгийн газрын хоёрдугаар сараас хойш хийж буй үйлдэлтэй нь би огт санал нийлэхгүй байна. Намайг цаашид үүнтэй холбохыг би огт хүсэхгүй байгаа юм” хэмээн дипломатч өгүүлжээ.
Бондаревын өгүүлснээр, Оросын Гадаад хэргийн яаманд түүнтэй санал нэгдэх хүн цөөн байгаа гэнэ.
“Ихэнх хүмүүс суртал ухуулга, даргынхаа хэлсэн үгэнд л итгэж байна. Яаманд ажиллаж байгаа үед тэнд шатлан захирах ёс байдаг, удирдлагын зааварчилгааг л биелүүлэх ёстой. Энд шүүмжлэлт хандлага гэж бараг л устсан” хэмээн Бондарев өгүүлжээ.
Сэтгүүлч түүнээс өөрийг нь урвагч гэж нэрлэхээс айж байгаа эсэхийг асуухад “Хэдийнэ намайг тэгэж бодож байгаа байх” хэмээн хариулсан байна.
“Эх орноосоо ингэтлээ ичиж байсангүй”
Борис Бондарев Камбож, Монгол зэрэг орнуудад ажиллаж байгаад дараа нь Женевт дипломат төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүнд ажиллах болсон дипломат зөвлөх юм байна.
Тэрбээр мэдэгдэлдээ 20 жил ажиллах хугацаандаа Оросын гадаад бодлого хэдэнтээ өөрчлөгдөж байхыг харсан хэмээн онцолжээ.
“Гэхдээ энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрийнх шиг үйл явдлын төлөө би хэзээ ч ингэтлээ эх орноосоо ичиж байсангүй. Путиний өдүүлсэн Украины эсрэг, бодит байдал дээрээ барууны ертөнцийн эсрэг түрэмгий дайн бол Украины ард түмний төдийгүй Оросын ард түмний эсрэг үйлдэж буй хамгийн ноцтой гэмт хэрэг. Z гэсэн том үсэг манай оронд цэцэглэн хөгжих, эрх чөлөөт нийгэм байгуулах бүхий л итгэл найдвар, ирээдүйг үгүй хийлээ” хэмээн Бондарев онцолсон байна.
Түүнчлэн тэрбээр Оросын Гадаад хэргийн яамыг ч хурцаар шүүмжилжээ.
“Хорин жил ажиллах хугацаанд яаман дахь мэргэжлийн бус хандлага, худал хуурмаг байнга нэмэгдсээр сүүлийн жилд сүйрлийн төвшиндөө хүрсэн. Сайд Лавров бол систем нуран унаж буй тод томруун илрэл. Тэрбээр 18 жилийн хугацаанд боловсролтой мэргэжилтэн байсан тэрбээр өөр хоорондоо зөрчилдсөн, дэлхий дахиныг цөмийн зэвсгээр сүрдүүлсэн мэдэгдэл дамжуулдаг хүн болон хувирсан.Өдгөө Оросын ГХЯ дипломат ажиллагаанаас бусдыг, тэр дундаа дайн өдөөх, худал хуурмаг, үзэн ядалтыг дэврээх ажил л хийж байна” хэмээн Бондарев мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Борис Бондарев ийнхүү Оросын эрх баригчдыг хурцаар шүүмжилж, халагдах өргөдлөө өгсөнтэй холбоотойгоор Оросын тал одоогоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ