Б.Болдбаатар: Үндэсний морьт харвааны спортыг хөгжүүлэх ажилд эргэлт буцалтгүй орсон
2022-05-25

 

Турк Улсын Баликисер хотноо зохион байгуулагдсан “ACINCI TOYU-2022” Олон улсын Морьт харваачдын тэмцээнд Монгол, Америк, Канад, Малайз, Румын, Тайланд, Австри, Франц, Казахстан, Киргиз, Өмнөд Африк, Иран, Болгар, Индонез, Кувейт, Катар, Оман, Молдав, Япон, Итали, Пакистан, Финланд, Грек, Испани, Тайвань, Иордан зэрэг 30 орчим орны 70 гаруй тамирчид Унгар, Солонгос, Турк, Кабак гэсэн дөрвөн төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсын морьт харвааны тамирчин Санжаасүрэнгийн Түшигбат алт, Батбаатарын Эрдэнэбат хүрэл медаль тус тус хүртсэн. Тус тэмцээний талаар болон үндэсний морьт харвааны хөгжлийн талаар Монголын Үндэсний морьт харвааны холбооны тэргүүн Б.Болдбаатартай цахимаар холбогдож цөөн хором ярилцлаа.  

 

Сайн байна уу, Юуны өмнө баг хамт олонд нь баяр хүргэе. Тэмцээний сонин сайхнаас ярилцлагаа эхлүүлэх үү?

 

-Сайн байцгаана уу, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Турк Улсын Баликисер хотноо тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд олон улсын морьт харваачдын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд  цар тахлын улмаас дэлхийн морьтонгууд тэмцээн уралдаан зохион байгуулах, бэлтгэл сургуулилт хийх боломжгүй байсан. Тиймээс энэ удаагийн морьт харваачдын тэмцээнд  олон тамирчин оролцлоо. Мөн энэ удаагийн тэмцээнд Кувейт, Катар, Оман зэрэг Арабын орнуудаас өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчид ирж оролцсон нь онцлууштай үйл явдал боллоо.

 

“ACINCI TOYU-2022” Олон улсын Морьт харваачдын тэмцээн Унгар, Солонгос, Турк, Кабак гэсэн дөрвөн төрөлд зохион байгуулагдаж, төрөл тус бүрд аваргуудыг тодруулсан. Тухайлбал, Унгар төрөлд эзэн орны тамирчин түрүүлсэн. Мөн Турк гэх шинэ төрөлд манай тамирчин С.Түшигбат алтан медаль, Б.Эрдэнэбат хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай оролцлоо.

 

Танай баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй Турк улсыг зорив?

 

-Манай баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Тодруулбал,“Эвт сум” морин сургалтын төвийн үүсгэн байгуулагч, морьт харваач, сургагч, дасгалжуулагч Б.Эрдэнэбат, Монголын Үндэсний морьт харвааны холбооны тамирчин С.Түшигбат, орчуулагч болон миний бие байлаа.

 

Тэмцээний үед С.Түшигбатын нум хугарсан гэх мэдээлэл байсан?

 

-Тиймээ. Эхний тест харвааны үеэр С.Түшигбатын нум хугарсан. Мөн Б.Эрдэнэбатын бэртэл нь бүрэн эдгээгүй байсан учир өвчин намдаах эм ууж тэмцээндээ оролцсон бол миний хуучин гэмтэл сэдэрсэн. Гэсэн ч бид тэмцээндээ амжилттай оролцлоо.

 

Ер нь тэмцээний үеэр шинээр харвааны морьд сургах, дасгах, бэлтгэх, морь бусгах, замаас гарах, тамирчид мориноосоо унаж бэртэх зэрэг олон хүндрэл бэрхшээл тулгарсан. Мөн энэ удаагийн тэмцээнийг олон улсын зэрэглэлийн бус Турк улсын шүүгчид шүүсэн. Тиймээс тамирчдын оноонд асуудал үүссэн. Энэ бүхэнд нь бид хамтарч, зөвлөн тусалсан.

 

 

Та бүхэн бэлтгэл сургуулилтаа хаана базаасан бэ?

 

-Манай баг Дэлхийн таван удаагийн аварга Румын улсын морьт харваачтай хамт долоон хоногийн сургалтад хамрагдах төлөвлөгөөтэй байсан ч  морьдын хүртээмж, талбайн засвар зэргээс шалтгаалан бэлтгэл сургуулилтаа хангалттай хийх боломжгүй байсан. Гэсэн ч тэмцээндээ амжилттай оролцлоо.

 

Энэ удаагийн тэмцээнд дөрвөн төрлөөр зохион байгуулагдсан гэлээ. Ер нь морьт харвааны хэдэн төрөл байдаг вэ?

 

-Тухайн тэмцээн хаана, ямар улсад зохион байгуулагдаж байгаа зэргээс хамаарч онцлогтой явагддаг. Ерөнхийдөө Дэлхийн морьт харвааны холбооноос нийт долоон төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Манай улсын тухайд үндэсний өв уламжлал, онцлогийг харуулсан уламжлалт үндэсний морьт харвааны төрлүүдийг шинээр хөгжүүлэхээр ажиллаж байна.

 

Сүүлийн жилүүдэд монгол залуус морьт харвааны спортыг сонирхож, олноор хичээллэх болж?

 

-Тиймээ. Сүүлийн жилүүдэд монгол залуус үндэсний өв соёл уламжлалаа хүндэтгэн дээдэлж, сонирхох хандлага нэмэгдсэнтэй холбоотойгоор морьт харвааны спортоор хичээллэх залуусын тоо нэмэгдсэн.

 

Миний хувьд 2008 оноос морьт харвааны спортоор хичээллэж эхэлсэн. Улмаар 2009 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байлаа. 2010 онд Монгол Улсад зохион байгуулагдсан олон улсын морьт харваачдын тэмцээний мөнгөн цомын эзэн болж, Япон улсад зохион байгуулагдсан олон улсын морьт харваачдын тэмцээнд түрүүлсэн. Ингэж үндэсний морьт харвааны спортыг хөгжүүлэх ажилд эргэлт буцалтгүй орсон. Улмаар 2017 онд Монголын Үндэсний морьт харвааны холбоог үүсгэн байгуулсан. 2018 онд Үндэсний спортын VI их наадамд үзүүлэх төрөлд маш амжилттай оролцсоноор манай үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн байдаг.

 

  • Ингээд 2018 онд Монголын Үндэсний морьт харвааны холбооны дэргэдэх “Намнаа” сургалтын клуб

  • 2019 онд Хорчи мэргэн клуб

  • 2020 онд Хэнтий аймгийн Батноров суманд морьт харвааны сургалтын клубыг тус тус байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай холбоонд 100 гаруй тамирчин харьяалагдан бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцож байна.

 

Мөн манай холбооноос гадна “Морьт харваачдын холбоо” ТББ үйл ажиллагаа явуулдаг. Тус холбооны дэргэдэх клубууд үйл ажиллагаа явуулж, үндэсний морьт харвааны спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг

 

 

Морьт харвааны спортоор хэдээс хэдэн насны иргэд хичээллэх боломжтой вэ?

 

- Морьт харвааны спортоор 5-80 насны иргэд хичээллэх боломжтой.

 

Олон улсын тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг маш чухал. Ер нь тэмцээн уралдаанд оролцохдоо зардлаа хэрхэн зохицуулдаг вэ? Төрөөс дэмжлэг үзүүлдэг үү?

 

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын  уралдаан тэмцээнд оролцоход төр засгаас ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Олон улсын тэмцээн уралдаанд оролцох зардлаа тамирчид хувиасаа гаргадаг. Жишээлбэл, энэ удаагийн тэмцээнд оролцохын тулд  “Эвт сум” морин сургалтын төвийн үүсгэн байгуулагч, морьт харваач, сургагч, дасгалжуулагч Б.Эрдэнэбат хувийн машинаа ломбардад тавиад ирсэн. Машиныхаа зээлийг хэрхэн төлөх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн Үндэсний морьт харвааны холбооны тамирчин С.Түшигбат БНСУ-д суралцдаг. Энэ удаагийн тэмцээнд оролцохын тулд  БНСУ-аас маш их хэмжээний зардал гаргаж, эх орондоо ирж цөөн хоногийн бэлтгэл хийгээд тэмцээнд оролцлоо.

 

Морьт харвааны спортыг хөгжүүлэхэд төр засгаас анхаарахгүй байна. Үндэсний өвс соёлоо хамгаалахын тухайд төр засгаас тодорхой бодлого баримталж ажиллах шаардлагатай байна. Хэрэв бодлого хэрэгжүүлж ажиллаж чадвал үндэсний морьт харвааны спорт өндөр түвшинд хөгжих бүрэн боломжтой. Энэ асуудалд төр засаг анхаарал хандуулах цаг нь ирсэн.

 

 

Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

 

-Бид энэ жил морьт харвааны дэлхийн аваргад шинэ рекорд тогтоох, амжилттай оролцох зорилготой. Тодруулбал, БНСУ-д ирэх аравдугаар сард морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцохын тулд оноо цуглуулах шаардлагатай. Иймд ирэх сард Турк Улсад зохион байгуулагдах өсвөрийн морьт харваачдын улсын аварга шалгаруулах тэмцээн болон Өмнөд Африк, Малайз, Польш улсуудад зохион байгуулагдах тэмцээнд оролцоно.

 

Бид Биеийн тамир, спортын улсын хороотой хамтарч ажилладаг. Энэ жил Хүй долоон худагт наймдугаар сард зохион байгуулагдах Үндэсний спортын VII наадамд оролцох боломжийг Биеийн тамир, спортын улсын хорооноос олгосон. Мөн олон улсын тэмцээн уралдаанд оролцоход бүхий л талаар тусалж дэмждэг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц танд талархал илэрхийлье.

 

 

Хэзээ эх орондоо ирэх вэ?

 

-Бид тавдугаар сарын 26-нд эх орондоо очно. 

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

-Баярлалаа.

 

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Хүнээр бай хийдэг утгагүй сураас энэ жинхэнэ сонирхолтой юм бна .Улсын наадамаар морьд харвааны тэмцээн зохион бгуулвал гадаад гэхгүй монголчууд маш их сонирхоно шүү амжилт.
2022-05-26