ОХУ Харьков руу довтолж, есөн хүн амиа алдав

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдсанаас хойш хэдийнэ гурван сарын хугацаа өнгөрч, талууд хэлцэлд хүрч чадаагүй, Оросын арми Украины хот суурингууд руу довтолсоор байна.
Тавдугаар сарын 26-ны өдөр гэхэд л Харьков хотын иргэний объектуудад цохилт өгсөн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Харьков хотод артиллерийн цохилт өгсний улмаас энгийн есөн иргэн амиа алдаж, 17 хүн шархадсан талаар хотын захиргаанаас мэдээлжээ.
Энэ довтолгоонд Харьков мужийн хэд хэдэн хот ч өртсөн байна. Украины арми Оросын цэргүүдийг шахсанаас хойш сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Харьков хот ийм өргөн цар хүрээтэй довтолгоонд өртөж байгаагүй юм.
Гэвч одоогийн байдлаар, Харьковтай залгаа орших Луганск, Донецк мужуудад байлдааны ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа тул нөхцөл байдал хүндэрч, Харьков орчимд Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо зогсонги байдалд оржээ.
Харьков мужийн захиргааны тэргүүн Олег Синегубовын мэдээлснээр, хотын хэд хэдэн дүүрэг дайралтад өртсөн бөгөөд шархадсан хүмүүсийн дунд есөн настай хүүхэд байгаа гэнэ.
"Дайсан дахиад л иргэд рүү зэрлэгээр халдаж байна. Хүн бүрийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг хүсье. Түгшүүрийн дохио сонсож, дохио дугарсан үед нуувчнаас битгий гараарай. Тайвшрахад эрт байна" хэмээн Олег Синегубов мэдэгдсэн байна.
Пүрэв гарагт болсон Оросын дайралтын улмаас хүүхэд амиа алдсан талаар Украины Үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клименко Фейсбүүк хуудсандаа бичжээ.
"Буудаж эхлэх үед залуу гэр бүл гадаа зугаалж байсан. Нөхөр нь таван сартай хүүгээ тэврээд явж байсан юм билээ. Нөхөр нь тэр дороо амиа алдсан, эхнэр нь нэн хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Үүний дараа цагдаагийнхан хүүхдийн цогцосыг олсон. Аавдаа тэврүүлээд явж байсан бяцхан хүүхэд дэлбэрэлтийн цохилтын улмаас орцны дээвэр рүү шидэгдсэн байсан" хэмээн Клименко бичжээ.
Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, Оросын арми Харьков руу халдахдаа "Смерч" шуурган галын тийрэлтэт систем, артиллери ашигласан байна.
Энд дуулгахад, сүүлийн үед Харьков хотод ийм хүчтэй цохилт өгч байгаагүй юм. Энэ долоо хоногийн эхээр хотын газар доорх тээврийн үйл ажиллагаа сэргэж, тавдугаар сарын 24-ний өдөр метро ажиллаж эхлэн, хүмүүсийг метроноос нийтийн байр руу нүүлгэн шилжүүлж байлаа. Украинд дайн эхэлсэн цагаас эхлэн хүмүүс метронд хоргодож байсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ